Хээрээс толь олвол авдаггүй гэдэг /баримтат өгүүллэг/

тольЭрт дээр үеэс уламжлагдаж, залгамжлагчаа эрж явдаг зайран удганы сахиус байдаг л юм гэлцдэг. Үе тасарч залгамжлагчгүй удсан бөөгийн хэрэглэж явсан эд зүйлс нь хаягдаж гээгдэн зарим сүжиггүй хүний гараар орж устаж үгүй болдог ч байж мэдэх юм. Тийм бөөгийн хэрэгслээс олж өөртөө далд увидастай болсон тохиолдол цөөнгүй аж. Баруун аймаг руу явдаг төв замын дагуу Тариатын жижигхэн суурин байгаад хожим Цахир сум гэгдэх болсныг Архангай аймгийн үзэсгэлэнт нутгаар явж үзсэн хэн хүнгүй л мэдэх байх.

1998 онд Увс аймгаас хот руу явж байгаад зорчигчид унаа хөсөг нь саатсанаас Архангайн Цахир суманд түр саатсанаас энд өгүүлэх хэрэг явдлын эх суурь тавигдсан байна. Зорчигчдын дотор аавтайгаа хамт хот руу явж байсан найман настай Самданжигмэд хүү уйдахдаа суурингийн хэдэн халтар байшин дундуур тоглож, хуучин хүрээ хийдийн сүм, дугана байгаад хожим агуулах зоорийн зориулалтаар ашиглагдаж байсан хэдэн данхгар байшинг ихэд шохоорхон харж байж. Гэтэл нэг сүм оройтой байшингийн дээвэр дээр нэгэн хар хэрээ шил толь гялалзуулан идэх гэж оролдож байсан байна. Самданжигмэд хүү хар багын ажигч гярхай нэгэн байсан тул тагтаа шил чулуу иддэг, харин хар хэрээ улай үзэж орилон, сэг зэмээр хооллодгийг мэдэх тул тэр өвөрмөц хэрээг хараад чулуугаар шиджээ. Ямар янзын шил толь иддэг юм бол гэдгийг мэдэх гэсэндээ тэгсэн байна.

Түүний шидсэн чулуу хэрээний ойр очиж тусахад үргэж нисэхдээ мөнөөх “шилчин” хэрээ амнаасаа нөгөө идэх гэж байсан зүйлээ унагаж орхижээ. Хэрэгт дурлагч Самданжигмэд хүү ч мөнөөх унагасан зүйлийг очиж үзэхэд яг ч шил биш, никель шиг юм байжээ. Тэр гялалзсан төмрийг нүүрэндээ ойртуулж харсанд өөрийнх нь зүс царай биш маш их хөгшин хүний дүр царай харагджээ. Хөмсөг нь хөдөлж тэр аймшигт төрхтэй хүн үг хэлэх шиг санагджээ. Тэр даруй тэнгэрт ганц нэгхэн байсан үүлс бужигнан хөдөлж, хаа нэгтэйгээс “Хүү минь хамт яваа хүмүүстээ оч” гэх дуу сонсогджээ.

Самданжигмэд унаа саатсан зорчигчдын түр сууж байсан гуанзны нааран дээр хөзөрдөж байсан хүмүүст “Өнөөдөр бидний явах ч өнгөрлөө. Запас авчрах машин замдаа хоёр хоног саатаж ирэх юм байна” гэсэнд томчуул инээд хөөр болж “За, энд нэг далдыг мэддэг далай лам бидэнтэй явсан юм байна шүү дээ” гэж инээлдэж байжээ. Үнэхээр Самданжигмэд хүү өмнө нь аавынхаа өвөр дээр суугаад дугжирч явдаг байсан бол ямар нэгэн юманд түгшиж зовуурилсан байдалтай байсхийгээд л гуанзны цонхон дээр очиж нэг жижигхэн юм гялалзуулж байдаг болжээ.

Томчуулын хэн нь ч түүний юу хийж байгааг тоохгүй байв. Зөвхөн цасан шуурга шуурч тэнгэр муудаж байгаад л санаа зовно. Бас “Одоо өөр юу хийхэв” гээд л хөзөр тоглож гарна. Самданжигмэд хүү нөгөө жижигхэн цонхон доор зогсч байгаад час хийтэл хашгиран “Биднээс холгүй хоёр хүн осгож үхэж байна. Түүнийг авраач” гэж томчуулыг сэрдхийлгэжээ.

Томчуул ч түүнийг өдрөөс хойш хачин янзын юм яриад байгааг гэнэт санаж “Энэ чинь ёстой яадаг хүү вэ?” гэсэн шиг юм сэтгэж “Тэр хоёр хүн чинь тэгээд хаана байна? Ямар унаатай явж байгаа юм” гэх зэргээр туршиж асуужээ. Хүү түгдрэхгүй “Дээлтэй, ноосон малгайтай” гэснээ нэг жижигхэн толь шиг юм өмднийхөө халааснаас гаргаж хараад “Улаан мотоцикл унасан хүмүүс, бас согтуу…” гэжээ. Хүүгийн аав Алтангэрэл хүүгээ загнаж “Битгий тархигүйтээд бай” гэхэд зорчигчдын дотор явсан өвгөжөөр эр “Миний хүү наад мэдээ зангиа хаанаас харж хэлээд байнав” гэж асуужээ. Хүү болсон явдлыг ярьсанд зорчигчдын зарим нь хүүгээс нөгөө толины хагархайг авч “өөрийн нүдээр” болж буй явдлыг харах гэхэд өвгөжөөр хүн хоригложээ. Төдөлгүй дулаан хувцас өмссөн залуу голдуу хэдэн хүн зам тосон явж Чулуут сумаас мордож, халамцуун харгайгаар осгож үхэх шахсан хоёр эрийг авчирчээ. Хүүгийн хэлсэн үнэн байсан тул цаашид юу болох, запас сэлбэг авчрах ёстой машин хэдийд ирэх зэргийг Самданжигмэдээс асуудаг, харин тэр хэзээний мэргэч төлгөч шиг торж түгдрэхгүй хэлдэг болов.

Шөнө дундын үед том машин хөлөглөсөн зам засварын ажилчид Солонготын даваан дээр гарч цас арилгаж, зам чөлөөлөх ажилтай иржээ. Мөн л замын дагуух гуанзанд буусан тул Самданжигмэд хүү хэзээний босчихсон “Та өглөө болсон хойно яв. Тэгэхгүй бол болохгүй” гэж суужээ. Хүүгийн үгэнд итгэсэн үү, замын холд залхуурч алжаасан уу тэд унтаад маргааш нь явжээ. Тэр цасан шуурга хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд шуурганаар төөрсөн хэд хэдэн малчныг хаана, ямар байдалтай байгааг Самданжигмэд торохгүй хэлж бусдад тусалж байжээ. Зам зуураа хүү тэр толь шиг гялалзсан төмрөө гээчихсэн бөгөөд дахин юм, мэддэггүй жирийн нэгэн болж хувирсан гэдэг юм.

С.МӨНХ

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …