2014 оны гуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, өрх үүсэх, голын дагууд харз, тошин гүйх, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна. Жишээлбэл: Ус судлалын харуул Дэлгэрмөрөн-Мөрөн, Эг-Хатгал, ЭГ-Эрдэнэбулган, Идэр-Зүрх, Чулуут-Чулуут, Хойдтамир-Ихтамир, Хүдэр-Хүдэр, Хараа-Баруунхараа, Хараа-Дархан, Туул-Алтанбулаг, Сэлэнгэ-Тосонцэнгэл, Сэлэнгэ-Хутаг, Сэлэнгэ-Сүхбаатар, Халх-Сүмбэр, Ховд-Мянгад, Сагсай-Буянт, Завхан-Дөрвөлжин, Түй-Богд, Хархираа-Тариалан, Тэс-Баян-Уул орчимд мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрч, зузаарлын эрчим буурсан байна. Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-60 см нимгэнмөсөн бүрхүүлтэй байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт багасаж, мөс хэврэгших тул ард иргэдийг мөсөн дээгүүр явах болонавто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг Ус судлалын сектороос анхааруулж байна.
Өнөөдөр зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, салхи шуургатай байхыг онцгой анхааруулж байна.
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 5-10 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 0-2 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд төвийн нутгийн ихэнх хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 8-13 градус, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 20-ноос өдөртөө дулаарна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.