Ховд аймагт шатахууны үнэ 100 төгрөгөөр хямдарсан, Баян-Өлгий аймагт битүү зах ашиглалтад орсон гэх мэт орон нутагт таатай мэдээ олонтой долоо хоног өнгөрч байна гэж “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэллээ. Баян-Өлгийн битүү зах ашиглалтад орсноор баруун гурван аймаг битүү захтай болж байна. Энэ ажлыг Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн багцаас санхүүжүүлсэн, энэ хөрөнгийн зарцуулалтыг УИХ-ын хаврын чуулганд тайлагнана гэж Ерөнхий сайд дурьдлаа.
ЗГХЭГ-ын дэргэд Боомтын нэгдсэн захиргаа байгуулагдан ажиллаж байна, 4 дүгээр сарын 1-нээс хил, гаалийн үйл ажиллагаа цэгцэрч эхэлнэ гэж “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтад оролцсон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хэллээ. Хил, гаалийн үйлчилгээнд ямар асуудлууд бугшсаныг газар дээрээс нь сурвалжлан олон нийтэд хүргэхийг хэвлэл мэдээллийнхэнд уриаллаа.
Орон нутгийн удирдлагууд төсвийн хөрөнгөөр үнэтэй машин худалдан авсан жишээ олон байна, алдаатай шийдвэрийнх нь мөрөөр хариуцлага тооцох гэтэл албан тушаалаа өөрчилсөн байна гэх мэт шүүмжлэлтэй асуудал орон нутагт гарсаар байгааг сэтгүүлчид Засгийн газрын тэргүүнд дуулгалаа.
Хууль зөрчсөн нь нотлогдвол тухайн албан тушаалтан албаа хашиж байгаа эсэхээс үл хамааран хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд хэллээ. Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн нэг жил долоон сарын хугацаанд ийм асуудлуудтай тууштай тэмцэж, олон хэргийг ил болгосон юм шүү гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.