Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/451 дүгээр захирамжаар Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт “Дүүргийн архив” буюу төрийн архивын салбар, дунд шатны архивыг байгуулж, орон тоог шийдвэрлэсэн. Энэ нь дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийслэлийн өмчийн оролцоотой байгууллагуудын архивын баримтыг төвлөрүүлэн авах, хадгалж хамгаалах, байгууллага, иргэдэд цаасан болон цахим баримтаас лавлагаа хуулбар олгох, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой юм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу Дүүргийн архивуудад 2014 онд 6 зорилтын хүрээнд 24 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэг нь Хороод 2014 онд багтааж тухайн Дүүргийнхээ архивт нөхөн бүрдүүлэлт хийж, архивын баримтаа шилжүүлэх ажил юм.
Арга зүйн ажлын хүрээнд нийслэлийн Архивын газраас Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур зэрэг 8 дүүргийн ЗДТГ-тай хамтран Хороодын зохион байгуулагч нарт “Архивын баримтыг эмхлэн цэгцлэх, техник боловсруулалт хийх” асуудлаар онол дадлага хосолсон хэлбэрээр сургалт явуулж, шаардлагатай ном гарын авлагаар ханган ажиллаж байна. Цаашид Сүхбаатар дүүргийн ЗДТГ-тай хамтран сургалт зохион байгуулахаар ажиллаж байна.
Сургалтад хамрагдсанаар архивын баримтыг архив зүйн үүднээс ангилан төрөлжүүлэх, хадгалах хугацааг зөв тогтоох, хадгаламжийн нэгж бүрдүүлэх, тэдгээрт данс бүртгэл үйлдэх, улмаар Дүүргийн архивт нөхөн бүрдүүлэлт хийж баримтаа шилжүүлэх асуудлаар зохих мэдлэг мэдээлэлтэй болж байгаа юм гэж Нийслэлийн Архивын газраас мэдээллээ.