“Цэвэр шүд Эрүүл хүүхэд” хөтөлбөр өнөөдөр БЗД-ийн 79 дүгээр сургуулиас эхэллээ. Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд, НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа, БЗД-ийн 17 дугаар хорооны засаг даргын ажлын баг, Дэлхийн зөн Дарь эх орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, “Орхон түшээ мөрөн” өрхийн эрүүл мэндийн төв, 79 дүгээр сургуулийн хамт олон болоод ХОУЗ-ийн төлөөлөгчид оролцлоо.
Тус үйл ажиллагааны зорилго нь хүүхдийг багаас нь шүдээ угааж хэвшихэд оршино. Хүн амын ихэнх, тэр дундаа бага насны хүүхдийн дунд шүдний өвчлөл их байдаг. Шүдний өвчин нь өөр төрлийн өвчний үндэслэл болох магадлалтай учраас үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдийг багаас нь шүдээ зөв угааж хэвшүүлэх нь үр дүнтэй юм хэмээн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэллээ. Мөн тус хөтөлбөрт ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн бүх хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд цаашилбал “үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг бүх хүүхдийг хамруулах хэрэгтэйг онцолсон юм.
“Цэвэр шүд Эрүүл хүүхэд” хөтөлбөр нэг сарын хугацаатайгаар явагдах бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд нэгээс гуравдугаар ангийн бүх хүүхэд шүдний үзлэгт хамрагдах юм. Мөн долоо хоногт нэг удаа өрхийн эмнэлэгээс үзлэг хийж, шаардлагатай оо, сойз ооны суурийг Дэлхийн зөн Дарь эх хөтөлбөрийн хамт олон бэлтгэж өгөхөөр хамтран ажиллаж байна.