Онцгой байдлын ерөнхий газраас маргааш буюу гуравдугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор дадлага сургалт хийх гэж байна.
Энэ жилийн хувьд зарлан мэдээлэх техникийн боломж, нэн ялангуяа нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд урд өмнө байгаагүй мэдээлэл холбооны дэвшилтэт технологи ашиглана гэдгийг ОБЕГ-аас мэдээлж байна.
2013 онд Улаанбаатар хотын зургаан дүүргийн нутаг дэвсгэрт зарлан мэдээлэх дуут дохиоллын 40 цамхаг /хуучнаар сирень дохио/ шинээр суурилуулжээ. Мөн гурван телевиз /МҮОНРТ, UBS, МОНГОЛ НD/, үүрэн телефоны хоёр /Мобиком, Юнител/ оператор, таван FM радиогийн газар /Улаанбаатар ФМ 102.5, Авто радио 96.3, Гэр бүлийн радио 104.5, Лавайн эгшиг 97.5, МҮОНРТ-ийн 1 дүгээр суваг/-т зарлан мэдээллийн өргөн нэвтрүүлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл суурилуулан, ажилд оруулсан байна. Иймд энэ удаа гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага, сургууль нэлээн өргөн дэлгэр мэдээлэлтэй явагдах ажээ.
Иргэдэд нэгэн зэрэг дуут дохио, гар утас болон телевиз, радиогоор зарлан, мэдээллийн дохио дамжуулах дадлага сургууль явуулах тул сандарч тэвдэхгүй, тайван байж, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийн дагуу идэвхтэй оролцохыг анхаарууллаа.
“Энэ дадлага, сургуулийг улс орон даяар зохион байгуулж байгаа тул оролцохгүй үлдэх нэг ч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байхгүй гэдгийг анхааруулж хэлэхийг хүсч байна” хэмээн Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Намсрай ярьлаа.
Ийнхүү сургалт, дадлага хийснээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад гамшгийн нөхцөл байдлын тухай мэдээлэл хүргэх, гамшигт үзэгдэл тохиолдсон үед хэрхэн ажиллах, эрсдэл бүхий бүс нутаг тухайлбал, төв болон суурин газарт холбогдох хууль, дүрэм, журам, зааврын шаардлага хангаагүй барилга, объектод үүссэн болон үүсч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах, бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн хангах зэргийг мэдэх боломжтой гэлээ.