Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад бага зэрэг буюу 0.1 хувиар буурсан байна. Гэхдээ өмнөх сарын дундажтай харьцуулахад гол нэрийн барааны үнийн өсөлт 3.4 хувиар хэмжигдэж байгаа юм.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ үл ялиг буурсан нь махны үнэ тогтвортой байсантай холбоотой гэж харж болохоор байна. Лхагва гарагийн байдлаар үхрийн цул махны үнэ дунджаар 9985 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногоос 0.5 хувиар буурчээ. Харин бусад төрлийн махны үнэд өөрчлөлт ороогүй байна.
Үүнээс гадна гол нэрийн бусад бараа болох гурил, будаа болон элсэн чихрийн үнэ тогтвортой байсан байна. Мөн хүнсний ногооноос төмсний үнэ өмнөх долоо хоногоос нэг хувиар буурсан бол бусад төрлийн ногооны үнэ тогтвортой байжээ.
Д.Амар