Шийдвэрлэх 2-р үе

images Яалт ч үгүй л бид энэ сарын хугацаанд улс төрөөр, сонгуулиар амьсгалахаас хойш цаг үеийн холбогдолтой мэдээлэлтэй хөлбөмбөгөө уяж арай олон хүн уншуулах үүднээс цагаа барж үзэл бодлоо хуваалцхыг зорьлоо…

Хөлбөмбөгийн фанатизм ба улс төрийнх нь өөр хоорондоо их адилхан шинж чанартай гэж сургадаг нь их сонирхолтой. Бид 1 галт тэрэгний хоёр талд суусан болохоор ойлгоход асуудал төвөг нэг их гарахгүй биз ээ. Адил шинж чанарууд нь 3 байх аж:

  1. Эзэн мэт сэтгэх
  2. Шүүмжлэл
  3. Маргаан

Яалт ч үгүй л тийм биш гэж үү? Эхнээс нь явъя…

Эзэн мэт сэтгэх:

Хөлбөмбөгийн фанатын сэтгэн бодох нь улс төрийн нам эвслийн гишүүд, фанатуудтай ижилхэн. Тэдний хэн ч бай хамаагүй өөрөө багийн эзэн, улс төрийн нам, эвслийн тэргүүн, улсын ерөнхийлөгч адил сэтгэн бодож төлөвлөх дуртай. Фанатын хувьд багийнх нь тамирчин бүр түүний тамирчин, багийн бодлого бүр түүнд хамаатай, ирээдүйн талаар байнга санаа зовж шийдвэр гаргана, зөв гарцыг хэлэлцэнэ, шүүмжилнэ. Ялгаа нь бодит байдал дээр өөрөө шийдвэр гаргагч биш л дээ. Сэтгэл зүрх, оюун ухаанаа уралдуулан байж хамаг хүч хөдөлмөрөө барна, эд эсээ мөхөөнө.

Шүүмжлэл:

Багийн удирдлагуудын шийдвэр фанатуудын эрх ашигт нийцээд, тэд сэтгэл хангалуун байна гэдэг өдрийн од шиг л цөөн тохиолдол шүү дээ.Тэгхээр шүүмжлэгчийн сэтгэл зүй бол тэдэнтэй ямагт хамт байдаг. Тоглолтын тасалбар дандаа л үнэтэй санагддаг, сайн тамирчдыг нь зарчих гээд байдаг, бүгдийн сэтгэлд хүртэл тоглуулдаггүй, хүссэн тамирчдыг нь авч өгдөггүй г.м. асуудал барагдахгүй ээ. Хамгийн гол нь үр дүн. Нэг лигит 20 баг уралддаг бол нэг нь түрүүлээд бусад нь сэтгэл дундуур фанатуудын бай болох нь ээ.

Маргаан:

Бас л биднийг хэлээд байгаа биз? Бид маргана, бүр зогсоо зайгүй шүү! Манай баг долоо хоногтоо үсрээд л хоёр тоглоно бусад өдөр нь бид юу хийдэг вэ? Багаа өмөөрдөг, маргадаг, хов чив ярьдаг, түүх сөхдөг, нэг нэгнийхээ шарыг хөдөлгөдөг. Би л хувьдаа “манай баг сайн байна, танайх  ч гэсэн сайн байна, гоё шүү тээ…” гэсэн яриаг хойр өөр баг дэмждэгнайзуудын хооронд өрнөж байгааг төсөөлөхгүй байна. Баг нь сайн ч бай муу ч бай өмөөрдөг л байхгүй юу. Чиний найзын баг сайн, бүр маш сайн байсан ч чамайг шүүмжилнэ, буруутгана, өөрийнхийгөө магтана. Энэ бол маргаангүй, хөдлөшгүй, мөнхийн сэдэв, аж байдал.

Хөлбөмбөг болон фанат гэдэг 2 үгийг улс төрийн нам, гишүүн дэмжигчээр солиод уншихад л яг л байгаад байдаг, ялгагдах юм алга. Фанатизм өөрөөхүнийг нэг оруулхаараа гаргадаггүй, чамайг уусгадаг, татдаг, чамд нөлөөлдөг том хүчин зүйл мөн. Монголд фанатууд шинэ зуун гарснаас хойш гэнэт олширсон гэхэд болно. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Юуны түрүүнд 2002 оны ДАШТ Ази тивд зохиогдож маш олон хүн боломжын цагаар тоглолтуудыг үзэж шимтсэн. Аливаа зүйлд хязгаар, цаг хугацаа гэж бий, тэгвэл ДАШТ-ий дараа Английн ПЛ, Аваргуудын Лиги гээд хөлбөмбөгийн улирал зай завсаргүй үргэлжилдгээрээ үргэлжилж фанатуудын ДАШТ-ээр оргилсон сэтгэлийг барьсан. Монголчууд бидний хувьд Английн ПЛ нь хувьслийнхаа алтан үеэ эхлүүлж таараад сайхан боломж нэгдсэн. Юу вэ гэхээр 1989 оноос хойш шинэ менежмэнтээр маш зоригтой хөдөлсөн Английн ПЛ-ийн төсөл нь эрчээ авч олон улсыг байлдан дагуулаад нэгэнт эхэлжээ. Үүнд Роман Абрамович Лондонгийн Челсиг авч хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ эрин ирж байгааг харуулж өдгөө бидний мэдэх олон тэрбумтнуудыг хөлбөмбөгийн багтай болгох замыг нээж өөрөө анхдагч гэж нэр авсан, хувьсгал гаргасан гэхэд айхтар хэтрүүлсэн болохгүй биз ээ. Би өөрөө Челсигийн фанат биш ч гэлээ энэ багийг хөлбөмбөгийн түүхэнд өөрийн ул мөрөө, хувь нэмэрээ хэрхэн оруулсныг үгүйсгэхгүй. Шинэ түүх бичиж байгаа Абрамовичийн баг үнэхээр Английн ПЛ цаашлаад Ав. Лигийн өрсөлдөөнийг арай өөр түвшинд чирч ирсэн нь анхнандаа түүний зорилго байсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ л түүний үйлдэл Челсигийн хувьд түүхэндэх хамгийн амжилттай, алтан үеийг яалт ч үгүй эхлүүлсэн. Энэ их өрсөлдөөн, их мөнгөний зарцуулалт эцсийн үр дүндээ үзэгчдэд сайн чанартай “бараа” хүргэсэн.Одоо Английн ПЛ нь хамгийн олон үзэгчтэй, хамгийн баян, хамгийн сонирхолтой, хамгийн олон фанаттай Лиги болжээ. Хөлбөмбөгөөр дамжуулж Абрамовичийн нэр хүнд дэлхийн тавцанд болон юуны түрүүнд түүний эх оронд өссөн. Тэрээр багийн спортыг, Оросын хөлбөмбөгийн ирээдүйн төлөө ихийг хийсэн, ихийг гаргасан. Үр дүнд нь дэлхий нийтийн анхаарал Оросын хөлбөмбөгөөс холуур өнгөрөхөө больжээ. Чухам яагаад Челси гэдэг баг гэнэт олон сая фанатуудыг дагуулах болов? Тэдний арга барил, онцлог юу юм болоо?

–          Эхлээд тэд их зоригтой гарч ирсэн.

–          Шинээр гарч ирж буй ирээдүйтэй гэх тамирчдад мөнгө хайрлалгүй мөнгө цацсан.

–          Сайн баг бүрдүүлсэн

Тэдний бүх юм л сонин байсан. Шинэ байсан. Сенсацитай байсан. Хамгийн сонирхолтой дасгалжуулагч байна уу? Тэгэлгүй яахав, “Онцгой нэгэн”. Шилдэг довтлогч байна уу? Африкаас гаралтай “Хар азарга” Дрогбаг санагтун. Английн шигшээн хамгаалалт, хагас хамгаалалтын гол цөм нь болсон тамирчид байна уу? Коул, Терри, Лемпард болно биз… Дээрээс нь Абрамович. Тийм ээ, мань эр чалт ч үгүй л ялгааг гаргаж байлаа. Тэр бол бусад багийн эзэд шиг нуугддаг, хоббиноосоо зугатаадаг нэгэн биш ээ. Тэр ямагт багтайгаа хамт байсан, ил тод! Түүний зорилго анхнаасаа тодорхой байсан. Челсийг дэлхийн хэмжээний баг болгох, Аваргуудын аварга болгох. Тэр зорилгодоо хүрсэн гэхдээ одоо түүний хувьд тоглолтын 2-р үе эхэлж байна. Үнэхээр Абрамовичийн чин зорилго нь Ав. Лиги байсан л бол тэрийгээ авчихсан хойно одоо дахиж томоор цэнэглэх хэрэг байв уу? Жозе Муриньогоор эхлүүлсэн түүний тоглолтын 1-р үе эрчтэй эхэлсэн алдаа оноо, ололт амжилтын аль аль нь байсан. Эцсийн үр дүндээ тэрээр эхлүүлсэн дуусгахаар Муриньог дахин заллаа. Тогтворжуулах!!! Челси шилдэг гэдгээ харуулсан одоо шилдгээрээ үлдэх асуудал байна. Муриньог эргүүлэн татах нь мэдээж амар байгаагүй нь ойлгомжтой. Хамгийн сүүлд Абрамович Португаль мэргэжилтнийг өөрөө хөөгөөд явуулсан. Одоо буулт хийж өөрөө түүнийг дуудаж байна. Ямар зорилготойг хэнд ч сөхөж тайлбарлах хэрэггүй биз ээ. Одоо шийдвэрлэх 2-р үе эхэллээ. Челси эхний үед дайрсан, дайрсан дахиад л дайрсан. Хүссэн гоолоо авсан. Одоо хамгаалалт хэрэгтэй. Арай гэж олсон тэр том нэр төрөө хамгаална гэдэг спортынхны хэллэгээр бол авснаасаа хамгаалах нь хэцүү гэдэг тэр шийдвэрлэх үеийг ирүүлээд байна. Хүссэн хүсээгүй Абрамовичийн Челси нэр хүндээ хамгаалах аянд мордоод эхэлсэн. Энэ үеийг давж байж тэд дэлхийн хэмжээний баг гэдгээ нотолно, Абра ажлаа гүйцээсэнд тооцож болно. Ав. Лигийн түүхэнд 1 түрүүлсэнх багууд их бий. Тэднээс тэр Цомынхоо нэр хүндийг хамгаалж чадсан нь цөөхөн. Яагаад гэвэл энэ тийм ч амар биш 2-рт цөөхөн хэдэн багт энэ нь заяагдсан юм аа. Хөлбөмбөг гэдэг бол багийн спорт, багийн ажил. Одоо дэлхийн хөлбөмбөгийг, Челсигийн түүхийг Монголруу буулгах гээд үзэе. Бидэнд нөөц бололцоо байна. Эхлүүлсэн зүйл ч байна. Одоо чухам үүнийхээ ард гарах, эхлүүлснээ дуусгах л үлдэж байна. Монголд багийн спортын хаан төрөл хөлбөмбөгийг мэдэхгүй, сонирхдоггүй хүн гэж бараг байх аа больжээ. Одоо бид өөрсдөөрөө, ирээдүйгээрээ бахархах, тэднийг зөв замд нь хөтлөн оруулах ажилд орох хэрэгтэй. Бид одоо Челси тэргүүтэй Европын, дэлхийн багуудыг биш өөрсдийнхөө багийг дэмжих, хөгжүүлэх цаг нь ирсэн. Ерөнхийлөгчийн санаачлагаар аймаг сумдыг ногоон талбайтай болгох хөтөлбөр нь Монголын хөлбөмбөгт шинэ хуудсыг бодит утгаар нь нээж байгаа том боломж гэж харж байна. Одоо түүнийгээ хэрэгжүүлэх, үргэжлүүлэх үлдлээ. Бид аймаг бүрт тоглох талбайтай, тэр талбайн эзэн багтай болчихвол сая л багийн спортын талаар, лигийн талаар, мэргэжлийн спортын талаар ярьж эхэлнэ гэсэн үг. Монголд багийн спорт хөгжинө, Монголчууд багаар ажиллаж сурна, чадна. Ингэж байж бид хамтын хүчээр ирээдүйг алсуур харж, томоор сэтгэж, ТОМ алхана.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …