Гомдол, шүүмжлэл, санал, хүсэлтэд дарагдаж байдаг 11-11 төв өнгөрч байгаа долоо хоногт талархалын үг олныг сонслоо. “Өргөө”-гийн уулзварын шинэчлэл, орон сууцны зээл гээд хүмүүсийн сэтгэлд хүрсэн ажил олон байна.
Замын засвар шинэчлэлийн ажлаас болж хэдхэн хоног ачаалал ихсэхийг тэвчинэ ээ. Дараа нь түгжрэлгүй гудамжаар явж байвал боллоо гэж иргэд хэлж байна. Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д 6 дугаар сарын тавнаас арван хоёрныг хүртэл 1150 иргэн хандаж санал хүсэлтээ илэрхийлсэнээс 750 орчим нь орон сууцны урт хугацааны зээлийн талаар тодруулжээ. Зээлийн санхүүжилт нь урт хугацаанд тогтвортой хэрэгжинэ. Монгол банкнаас тавьж байгаа шалгууруудыг хангасан арилжааны банкуудаар энэ зээлийг олгоно. Иргэд банкаа чөлөөтэй сонгох боломжтой. Тогтвортой ажил эрхэлдэг, тогтмол орлоготой хэн ч зээлд хамрагдах болдомжтой. Зээлээр авах орон сууцны талбайн хэмжээг 80м2-ээс доош байна. Зөвхөн шинээр ашиглалтад орсон биш хуучин орон сууцыг ч иргэд энэ зээлээр худалдан авах боломжтой. Зээлийн урьдчилгаа төлбөр 10-30 хувь нь уян хатан нөхцөлтэй. Өмнө өндөр хүүтэй зээл авсан иргэд 8 хувийн хүүтэй зээлд шилжих боломжтой зэрэг давуу талыг энэхүү зээлийн журам иргэдэд олгож буй юм.
Хүний Хөгжил сангаас мөнгө авч чадаагүй буюу дутуу авсан иргэдийн мөнгийг энэ сард багтаан олгох тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэнтэй холбоотойгоор олон асуулт тус төвд иржээ. Энэ асуултад Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газраас 2013 оны төсөвт энэ мөнгө тусгагдсан тул ондоо багтаан олгоно гэсэн хариулт өгчээ.