Өнөөдөр 4 цаг 55 минутад ханш нээлээ. Жил бүрийн хаврын энэ өдөр ханш нээж амьтад ичээнээсээ гардаг. Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь гэж зурхайн номд бичсэн байдаг.
Бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үе, аргын буюу нарны зурхайн дөрөвдүгээр сарын 5-6-нд тогтмол эхэлдэг.
Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Ханш нээх улирал эхэлмэгц огторгуйн тоос арилан цэлмэж, анхны солонго татдаг. Түүнчлэн амьд байгаль сэргэж хорхой шавьж хөдлөж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтэнэ гэдэг.
Дорно зүгийн ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдлэж зул өргөдөг. Харин хятадууд өвөг дээдсийнхээ шарил онгоныг хүндэтгэх ёслол үйлддэг. Энэ өдөр өмнө зүгээс хур буувал өвс муу ургаж, үр тариа тааламжгүй болно хэмээн үздэг.
Хорхой гэнэт олширвол зун нь ган болно гэж шинждэг. Харин шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн бэлэгддэг байна. Ханш нээх цагаар малчид мориныхоо дэлийг засч дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг уламжлал бий.