Шалгалтанд тэнцсэн зуслангуудад зөвшөөрөл олгоно

Нийслэлийн ногоон бүсэд байрлаж, улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн зуслангуудын 2013 оны үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан амрагч  хүүхдүүдийн ая тухыг хангах, сургалт хүмүүжлийн чанарыг сайжруулах талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл захирамж гаргажээ.
Захирамжийн дагуу  14 зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч, дүгнэлт гаргана.  Шалгалтыг нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, болон Цагдаагийн газар хамтран хийх юм. Шалгалтаар хүүхдийн зуслангуудад тавигдах ерөнхий шаардлага, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллах арга барил, эрүүл ахуйн халдвар хамгааллын нөхцөл, хүүхдийн эмч, эрүүл ахуйч эмч нарыг ажиллуулж байгаа эсэх, зуслангийн эмнэлгийн бэлэн байдал, эм тариа багаж хэрэгсэл бүрэн эсэхэд хяналт тавих юм.  Мөн нийслэлийн ногоон бүсэд байрлалтай зуслангуудын аюулгүй байдал, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх үзлэг хийж, гарч болзошгүй гамшиг, аюулаас сэргийлэх бэлэн байдал, гал унтраах анхан шатны норм, стандартыг хэрхэн хангасныг шалгах юм. Дээрх байгууллагуудаас бүрдсэн гурван ажлын хэсэг нэгдсэн үнэлгээ хийж, шаардлага хангасан зуслангуудад үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл олгох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …