Ч.Сайханбилэгийн Засгийн газар өчигдөр/ уржигдар/ шинэ бүтцээр анхны хуралдаанаа хийсэн юм. Уг хуралдааны талаарх мэдээллийг Ерөнхий сайдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Л.Мөнхтөр өчигдөр хэвлэлийнхэнд өгөв. Энэ үеэр түүнээс дараах асуултад хариулт авлаа.
-Засгийн газрын хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн талаар мэдээлэл өгнө үү?
-Эхний ээлжид 2014 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн. Тухайн жилд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулбал Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах заалт байдаг. 2014 оны арванхоёрдугаар сарын 4-ний УИХ-ын хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулсан учраас төсвийн ерөнхийлөн захирагчдын хооронд төсвөө шилжүүлэх шаардлага үүсч байгаа юм. Жишээлбэл, шинээр бий болсон яаманд ийм шаардлага гарч байгаа бол зарим яамыг татан буулгасан. Мөн 2014 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх ёстой зарим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа. Үүнтэй холбоотойгоор зураг төсөл, зарим бэлтгэл ажлын зардыг хасч тооцохыг зарчим болгож байна. Цаашлаад орон нутгийн төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий. Дээр нь төсвийн ерөнхийлөн захирагчдын хэмнэж болох зардлыг хасч тооцохыг гол удирдлага болгосон. Зөвхөн энэ заалтаар гэхэд51 тэрбумыг хэмнэх боломжтой гэж Сангийн сайд мэдэгдсэн. Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах явц Сангийн яамны өргөн мэдүүлснээр хэлэлцээд дэмжигдэх боломжтой болж байна. Цаг үеийн хэрэгцээ шаардлагатай холбоотойгоор хүүхдийн эмнэлэг байгуулах Засгийн газрын шийдвэр гарсныг дуулгая. Өнөөдөр хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ бага. Ялангуяа нийслэл хотод олон хүүхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байгаагаас гадна ор хүрэлцээ мууг үндэслэн хүүхдийн эмнэлэг барих шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Ингэхдээ төрийн өмчийн сул байгаа байруудыг ашиглах нь зүйтэй гэж үзсэн.
– Шинэ эмнэлгийг хаана барих боломжтой гэж үзэж байгаа вэ?
-ССАЖЯ-ыг татан буулгасан учраас байрыг нь ачаалал багатай үед 120, ихтэй үедээ 150 хүүхдийн ортой эмнэлэг байгуулах боломжтой гэдэг шийдвэр гаргалаа. Ганц энэ гэлтгүй, бусад байрыг нэмж судлаад хамгийн тохиромжтойг нь тогтоохыг Төрийн өмчийн хороо болон ССАЖЯ-нд даалгалаа. Уг эмнэлгийг Эрүүл мэнд, спортын яамны харьяанд байгуулна. Тиймээс мэргэжлийн удирдлага, боловсон хүчнээр хангах, бусад бэлтгэл ажлыг бэлэн болгоод 2015 оны хоёрдугаар сарын 1 гэхэд үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг өглөө. Холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. Мөн Австри улсын хөнгөлөлттэй зээлээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил багтсан. Үүнд Хавдар судлалын үндэсний төв, Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв, улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг, Төрийн тусгай албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл орж байна. Эдгээр тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлье гэсэн шийдвэр гаргаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 40 сая евро байх юм.
-Хүүхдийн эмнэлэгт ажиллуулах боловсон хүчний хүрэлцээтэй хэр байгаа бол?
-Эрүүл мэнд, спортын яамны одоогийн нөхцөлд ажиллуулах боломжтой, боловсон хүчний асуудалд санаа зоволтгүй гэсэн. Одоо байгаа төрийн өмчийн байрыг ашиглаад, санхүүжилт, эх үүсвэрийг хийж, тоног төхөөрөмж олгоно. Эрүүл мэнд, спортын яамны зүгээс ажиллах боловсон хүчнийг татан оролцуулж богино хугацаанд байгуулна. Заавал шинэ байшин барихгүйгээр боломжоо ашиглана.
-Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог энэ удаагийн хурлаар хэлэлцсэн үү?
-Энэ асуудал улс төрийн томилгоо учраас Засгийн газрын хуралдаан дээр яригдахгүй
-Энэ оны төсөвт хэзээ өөрчлөлт оруулахаар байгаа вэ?
-2014 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлаар Сангийн сайд Засгийн газрын хуралдаанд өчигдөр танилцуулсан. Одоо УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлснээр тодотгож таарна.
– Засгийн газрын бүтцийн тухай хуультай болъё гэж Ерөнхий сайд хэлж байсан. Энэ асуудлыг хэлэлцсэн болов уу?
– Засгийн газрын бүтэц хуулийн дагуу яваа. Засгийн газрыг тогтвортой байлгах талаар удаан хугацааны зөвшилцөл хийе гэдэг санал зарим гишүүнээс гарсан. Гэхдээ энэ асуудлыг УИХ-аар шийдэх учиртай.
-2015 оны төсвийн тодотгол хэдийд орж ирэхээр байгаа вэ?
-2015 оны улсын төсвийг дахин хянана. Засгийн газрын танхим бүрдсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд өчигдөр асуудал танилцуулсан. Сайд нарт эхний ээлжид ямар ажил хэрэгжүүлэхийг нь хүснэгтээр нэгбүрчлэн танилцуулсан. Богино хугацаанд ажиллах учир эв нэгдлийг сахиж ажиллах, томилгоог хавтгайруулан хийхгүй байх, цаг хугацаатай уралдаж яам, газруудтайгаа танилцахыг үүрэг болгосон. Ажил эрчимтэй явах ёстой. Амралтын өдрүүд гэхгүйгээр ажиллаж, эмх цэгцэндээ орж ажиллахыг үүрэгдсэн.
– М.Энхсайхан сайдын ажил үүргийн хувиар зарим яамны ажилтай давхцаад байна гэсэн шүүмжлэл байсан?
-Монгол Улсын сайд М.Энхсайханы тухайд Оюутолгой, Тавантолгойн ажлын хэсэг, гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой зарим асуудлыг эхний ээлжид шийдвэрлэхийг үүрэг болгосон. Эрхэлсэн ажлынх нь хүрээнд УУЯ, БОНХАЖЯ, Сангийн яам хамаарна. Цаашдаа шинээр хэрэгжих төсөл дээр Монгол Улсын сайд гэдэг статусаар ажиллах нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа.
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгасан. Энэ хорооны зарцуулалт 20 тэрбум байснаас зарцуулалтгүй үлдсэн зургаан тэрбум нь байгаа юм билээ. Энэ мөнгийг юунд зарцуулах вэ?
-Саяын төсвийн зохицуулалтаар буураад дараагийн ажилдаа шилжээд явчихна.
М.Өнөржаргал