“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, редактор П.Анужин саяхан “Өдрийн сонинд” ярилцлага өгчээ. Монголын үе үеийн түүхийг бичилцэж, бүтээлцсэн, бүтээлцэж яваа, өнөөгийн Монгол Улсын нүүр царайг тодорхойлж буй олон хүндтэй эрхмүүдтэй ярилцлага өрнүүлэн, ажил алба гэхээс илүүтэй, дотоод сэтгэл, хүний мөн чанарыг нээн харуулж, илэн далангуй ярилцлага өрнүүлж чаддаг тэрбээр МАН-ын УЗ-ийн гишүүн бөгөөд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хөтлөн явуулснаараа намынхаа удирдлагуудтайгаа үл ойлголцолд хүрсэн, нэвтрүүлгийн баг оролцогчдоосоо өндөр төлбөр авдаг гэх яриа нийтийн дунд байдаг нь нууц биш. Тэгвэл “хүн байх”-ын мөн чанарыг олон нийтэд түгээхээр шүүмжлэл, басамжлалыг үл ажран уран бүтээлээ туурвиж буй энэ бүсгүй “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа эдгээр асуултад хариулж, амьдрал, уран бүтээлийнхээ талаар ярилцсаныг түүвэрлэн хүргэж байна. Ухаарал хайрлаж, нэгийг бодогдуулсан ярилцлага бэлтгэж олон нийтэд хүргэсэн “Өдрийн сонин”-ы хамт олонд талархал илэрхийлье. Ярилцлагыг бүрэн эхээр нь “Өдрийн сонины 2014 оны 12 дугаар сарын 15-ны дугаараас уншаарай.
-100 эрхэм нэвтрүүлэг, 100 чухал сэдэв чинь гарах болгондоо л шуугиан дагуулах юм. Та нар чухам голыг нь олоод байна уу, эсвэл нийгэм маань ийм эмзэг мэдрэг байна уу. Сэдвээ, урих хүмүүсээ чухам ямар шалгуураар тодруулдаг юм бэ?
-Аль аль нь байгаа байх аа. Чухал 100 сэдэв бол хүмүүс бидэнд санал тавьж, эсвэл бид өөрсдөө тухайн сэдвийг хөндөж хийдэг. 100 Эрхмийн хувьд бол нэвтрүүлгийн зөвлөл гэж бий, түүгээрээ хэлэлцэн зочдыг шийддэг.
-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг бүрийн дараа мөнгө авсан байх гэсэн хардлага гардаг. Хэнээс ч хэзээ ч мөнгө авч байгаагүй талаар баталж чадах уу?
-Нэвтрүүлэгт орсон бүх зочдыг дуудаад асуухад хариулт тодорхой болно. Энэ бол нүүр бардам баталгаа. Өдийг хүртэл байнга хардуулж элдвээрээ хэлүүлж байгаа ч шантрахгүй, цуцахгүй хийгээд байгаа залуучуудаа муулж гутаах бус ядаж урам хайрлаж хэдэн дугаар хийлгээд авбал хожим бас хэрэг болж юуны магад гэж боддог. Манай багаас илүү чадалтай залуус зөндөө бий, гэхдээ ашгийн төлөө бус нэгдэж нийлж ийм ачаалалтай ажлыг хийж гүйцэтгэнэ гэдэг бол авьяас байгаад ч тийм амар хийчих зүйл биш. Багийнхаа тухай өдийг хүртэл хаа нэгтээ их даруу, дарж хариулж ирлээ. Бид түүх бичих гэж сэтгэл зүрхээрээ хичээн зүтгэж яваа, энэ бол бага хөдөлмөр биш. Мөнгөтэй л бол “Монгол Тулгатан” шиг нэвтрүүлэг хийнэ гэж ярьж бичихийг зөндөө үзлээ. Хийсэн юм бүхэн ашиг олж байх ёстой гэсэн ядмаг бодлоос илүү сэтгэлийн юм гэж байдаг шүү дээ, тэр тусмаа монголчууд бидэнд. Уг нь иймэрхүү агуулга хүрээтэй нэвтрүүлгийг улс нь бодлогоор санхүүжүүлээд аваад явах хэрэгтэй шүү дээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн хийх ёстой ажил.
Төсвөөс өгдөг мөнгийг телевизийн сайн контентуудыг худалдаж авахад зарцуулдаг, эсвэл сайн уран бүтээлийн багт тендер зарлаад үндэсний бүтээгдэхүүн, уран бүтээлийг дэмжих бодлого явуулдаг байх ёстой. Өчүүхэн тус үзүүлэхгүй атлаа ийм байна, тийм байна гээд дээр доргүй муулаад доромжлоод байгааг юу гэж ойлговол зохилтой вэ. Амьдралд чинь хуруун чинээ тус болохгүй байж хүрч ирээд ингэ тэг гээд дайраад байвал хэн ч гэсэн нэг юм хэлэх л байх. Үүнтэй л ижил ойлголт.
-Ер нь ийм нүсэр, ажиллагаатай нэвтрүүлгийг амьдруулахын тулд төлбөр авдаг байж болохгүй юм уу?
-Хэнээсээ төлбөр авах вэ дээ. Манай нэвтрүүлгийн эрхмүүдийн дундаж насыг анзаарч харж байсан уу. Урсгал зардлаа л чадан ядан олох тухай бодохоос ашгийн тухай бодох ямар ч боломжгүй төсөл. Ядаж телевизийн сайн контент худалдаад авдаг эрүүл тогтолцоо байдаг бол урсгал зардлаа нөхнө гэхсэн, гэтэл тогтолцоо маань ямар байгаа билээ, оюуны өмчийн үнэлгээ ямар байгаа билээ. Өөр баг байсан бол энэ нэвтрүүлгийг аль хэдийнэ ашигтай байдал руу шилжүүлэх байсан байх аа.
Бид энэ төслийг анхнаасаа ашиг олох зорилготой хийгээгүй, тэр зорилгынхоо төлөө өнөөдрийг хүртэл үнэнч яваадаа өөрсдөөрөө маш их бахархдаг. Бас биднийг телевизүүдэд мөнгө төлж цацдаг гэх нь бий. Хаана байна тэр их мөнгө. Харин ч контентийг худалдаж авах ёстой биз дээ.
-Баатар найруулагч нэгэн ярилцлагадаа Б.Лхагвасүрэн, П.Анужин гээд хоёр амаргүй бие хүмүүстэй тулдаг талаараа ярьсан байсан. Үнэхээр та нар нэвтрүүлэг хийх гэж тулаан хийдэг хэрэг үү?
-Б.Баатар найруулагч өөрөө амар хүн биш шүү дээ. /инээв/ Бид гурав их тулнаа, овоо л юм болно шүү дээ. Гэхдээ Лхагваа ах бид хоёр нэвтрүүлгийн хувьд ижил зовлонтой хүмүүс болохоор амь нэгтэй байж чаддаг. Энд хоёр зүйлийг тодруулж хэлмээр байна, нэгдүгээрт зуунд олон төрөхгүй агуу яруу найрагч, сэтгэгч Лхагваа ахтайгаа аав, охин мэт ээнэгшин дасч, хамтран ажиллаж байгаагаа би хувь тавилан гэж боддог. Хоёрдугаарт, энэ цагийн телевиз болоод кино урлагийн тод хурц өнгө, авьяаслаг найруулагч Б.Баатартай ажиллаж байгаа нь нэвтрүүлгийн маань нэг амь шүү дээ.
-Ямар ч улстөрч эмэгтэй, ямар ч урлагийн одод дайрч байгаагүй дарамт шахалт таныг тойроогүй гэдэгтэй олон хүн санал нийлэх байх аа. Хэвлэл мэдээллийнхэн ч өөрсдөө хүртэл энэ тохиолдлыг хүлээн зөвшөөрдөг. Таныг яагаад хэл ам тойрдоггүй юм бэ?
-Үнэхээр хэвлэлийн дайрлага гэхэд хэтийдэл болохгүй тийм урсгалыг биеэр үзэж туулж яваа нь үнээн. Өөрөө гуйж муулуулж, сайлуулж байгаагүй болохоор харин яагаад ингээд байдгийг би л асуумаар байдаг юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.