Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, зам тээвэр, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль хүртээв.
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор УИХ-ын гишүүн Алмаликийн Тлейханыг,
Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Улаанбаатар хотын захирагчийн албаны ахмад ажилтан, дендрологич Бадрахын Чимэдийг,
Монгол Улсын Гавьяат багш цолоор Монголын багш нарын холбооны дэд ерөнхийлөгч Натаагийн Болд, Налайх дүүргийн 23-р цэцэрлэгийн эрхлэгч Цэрэнжавын Тунгалаг нарыг,
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр, Жудо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа нарыг,
Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Ганбатын Болдбаатар, Шатрын холбооны тамирчин, Олон улсын шатрын их мастер Батхуягийн Мөнгөнтуул, Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Энхсайханы Ням-Очир, Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд нарыг,
Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор “Автобус-1” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ахмад тээвэрчин Ишдоржийн Рэнцэндоржийг,
Монгол Улсын Гавьяат хуульч цолоор Прокурорын ерөнхий газрын ахмад ажилтан, хуульч Аюушийн Ядмааг,
Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор БЗД-ийн 25-р хорооны иргэн, төр нийгмийн зүтгэлтэн Цогт-Очирын Лоохууз, Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн, төр захиргааны байгууллагын ахмад ажилтан Чойжавын Тэрбиш нарыг,
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Чингэлтэй дүүргийн 3-р хорооны иргэн, ахмад орчуулагч Доёдын Алмаас, “Open door” сонины эрхлэгч Бадамдоржийн Ганчимэг, Монгол Эмэгтэйчүүдийн холбооны Ахмадын хорооны дарга Цэрэнпилийн Сийлэгмаа, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн, чөлөөт уран бүтээлч Айлтгүйн Төмөр-Очир, Монголын зураачдын эвлэлийн тэргүүн Пунцагийн Цэгмид, “Хонх” хамтлагийн гишүүн Намсрайн Энхбаяр, “Гамма” агентлагийн зурагчин Сэрээтэрийн Цацралт, МОНЦАМЭ агентлагийн редактор Цэрэнгийн Сүрэнжав нарыг,
Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Чадраабалын Баярмааг,
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач, концертмейстер Цэцгээгийн Мөнхболд, СУИС-ын хөгжмийн урлагийн сургуулийн хөөмэйн багш Баатарын Одсүрэн, СХД-ийн 4-р хорооны иргэн, зураач Шаравын Чойжил нарыг,
Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор “Сонгдо” эмнэлгийн эмч Бундангийн Болдсайхан,
Монгол Улсын Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан цолоор Улсын клиникийн Нэгдүгээр төрөх эмнэлгийн эх баригч эмч Банзрагчийн Оюунгэрэлийг,
Сүхбаатарын одонгоор Улаанбаатар аудит корпорацийн ерөнхий захирал Бөөхүүгийн Осоржавыг,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор МИАТ ХХК-ийн суудал захиалгын ахлах мэргэжилтэн Дүгэржавын Дашням, Монголын Цахилгаан Хоолбоо ХК-ийн ахмад ажилтан Сангажавын Баянжаргал нарыг,
Цэргийн гавьяаны одонгоор Хил хамгаалах ерөнхий газрын хилийн түүх судлалын секторын судлаач Эрхэмбаярын Цогтгэрэлийг,
Алтан гадас одонгоор 33-р сургуулийн багш Хабдалын Гулзигаг,
Шударга журам медалиар СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч Телеганы Сайранбекийг тус тус шагналаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гардуулж, баяр хүргэж хэлсэн үгэндээ:
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой тохиож буй өдрүүдэд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг, есөн хөлт Их цагаан сүлдний орших энэ хүндэт өргөөнд хичээл зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа хамт олноо манлайлж, хөдөлмөр зүтгэлээрээ шалгарсан хүндэт иргэдийнхээ төлөөлөлд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Мөн эдгээр өдрүүдэд Монголын ард түмэн орчин цагт эрх чөлөөтэй сэтгэн бодох, эрх чөлөөтэй бүтээн туурвих, үйлдвэрлэн босгох, хувь заяандаа эзэн болох, эрх чөлөөтэй амьдрах, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхээ олж, жинхэнэ эрх чөлөөний үнэ цэнийг мэдэрсэн түүхэн боломжийн 25 жилийн ой тохиож байгаа нь онцлууштай.
Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулсны болон иргэдийнхээ эрх чөлөөг язгуур утгаар нь олж авсны ойг таацуулж, эх орныхоо хөгжил дэвшил, эрх чөлөөний эрхэм үйл хэрэгт зүтгэж яваа Монголын мянга мянган бүтээлч, хөдөлмөрч иргэдийнхээ төлөөлөлд хүндэтгэл үзүүлсэндээ баяртай байна.
Энэ танхимд манай орны бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдийн төлөөлөл болон мянга мянган шавь төрүүлсэн эрдмийн уурхайн эзэн багш, эрүүл энхийн манаанд олон жил зогссон эмчээс эхлээд сэтгүүлч, дасгалжуулагч, шатарчин, зохион бүтээгч, жолооч, яруу найрагч, хөгжимчин, инженер, зурагчин, малчин, эх баригч, спортын алдартнууд, цэрэг тусгай байгууллага, соёл гэгээрлийн зүтгэлтнүүд гээд салбар салбартаа манлайлал үзүүлж яваа иргэдийнхээ зүтгэл сэтгэлийг Монголын төр үнэллээ.
Би бас шагнал хүртэгсдээс зарим хүнийг онцлон хэлэхийг хүсч байна.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Сангийн аж ахуйг Удирдах ерөнхий газрын даргын албыг хашиж байгаад Өвөрхангай аймгийн Сант сумын Хөгжил нэгдлийн туслах хоньчиноор ажиллах болж, амьдралын бартаа нугачаа, бэрхшээл сорилтыг туулан, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийг бие, сэтгэлээрээ гүнзгий мэдэрч явсан, XX зууны Монголын төрийн алдаа, онооны бодит гэрч, Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цогт-Очирын Лоохууз гуай “Монгол Улсын гавьяат эдийн засагч” хэмээх эрхэм цол хүртлээ. Танд баяр хүргэе.
Алаг дэлхийд мэндэлсэн олон шинэ хүнийг өлгийдөн авсан, алтан гартай ачтан, Улсын клиникийн Нэгдүгээр төрөх газрын эх баригч эмч Банзрагчийн Оюунгэрэл гуай өнөөдөр “Монгол Улсын Хүний гавьяат эмч” хэмээх сайхан цол хүртлээ.
Ардчилсан хөдөлгөөний сүлд дуу-“Хонхны дуу”-г хөгжимдөж дуулсан, хөгжмийн урлагийн олон шилдэг бүтээл туурвисан, “Хонх” хамтлагийн хөгжимчин Намсрайжавын Энхбаяр “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ.
Хятад хэлний орчуулагч МОНЦАМЭ агентлагт олон жил ажилласан ахмад сэтгүүлч, редактор Цэрэнгийн Сүрэнжав гуай “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ. Маш олон хүн өндөр дээд цол хүртсэн учраас бүгдийг нь дурдах боломжгүй гэдгийг хэлье.
Эх орныхоо нэрийг даян дэлхийд цуурайтуулж яваа Жудо бөхийн дэлхийн аварга, жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ганбатын Болдбаатар, Чөлөөт бөхийн дэлхийн аварга, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Сүхээгийн Цэрэнчимэд, Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Энхсайханы Ням-Очир, Шатрын оюутны дэлхийн аварга, олон улсын шатрын их мастер Батхуягийн Мөнгөнтуул нар “Монгол Улсын гавьяат тамирчин” хэмээх өндөр цолыг хүртсэнд баяр хүргэе.
Шударга хөдөлмөрийн үнэ цэнэ ямагт сайн сайхан амжилт авчирдаг. Олон мянган иргэдийн сайн сайхан амжилтаас улс орны өнгөлөн дэвжих сурвалж эхээ авдаг. Түүхэн тэмдэглэлт өдрөөр өөрийн амжилтаа үнэлүүлсэн Та бүхнийхээ гэр бүл, хамт олон, эрхэм хүмүүст тань чин сэтгэлийн баяр хүргэе. Та бүхэн олон жилийн амжилт бүтээлээ бусадтай хуваалцаж Монголынхоо сайн сайхныг улам дүүргэж явахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Их баярлалаа” хэмээв.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол Төрийн ордны “А” танхимд боллоо.
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, зам тээвэр, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль хүртээв.
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Номин холдинг ХХК-ийн Үйлдвэрлэл бизнес хариуцсан захирал Даньдайн Жаргалсайханыг,
Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант группийн ойжуулалтын инженер Отгоны Алтанцэцэгийг,
Монгол Улсын Гавьяат багш цолоор ЭМШУИС-ийн тэнхмийн эрхлэгч, зөвлөх багш Хамарын Дамдинжав, Нийслэлийн 6-р сургуулийн зөвлөх багш Хүүхээгийн Лхамцэрэн, Ховд аймаг Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн зөвлөх багш Дүгэрийн Мөнхнасан, Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн ахмад багш Тогмидын Наранцэцэг, ШУТИСийн Геологи Уул уурхайн сургуулийн профессор багш Данзангийн Чулуун, “Зохиомж” дээд сургуулийн дэд захирал Дуламжавын Энхжин, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн дээд сургуулийн зөвлөх профессор Намсрайн Долгорхүү нарыг,
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Чөлөөт бөхийн эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Бямбаренчингийн Баяраа, Монголын боксын холбооны шүүгч Цэвэгсүрэнгийн Нандигжав нарыг,
Монгол Улсын Гавьяат холбоочин цолоор Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХК-ийн ашиглалт үйлчилгээний чанар хяналтын тасгийн менежер Цогтгэрэлийн Эрдэнэцэцэгийг,
Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор Туушин ХХК-ийн тээвэр, үйлчилгээний цогцолборын захирал Намсрайжавын Дүгэрсүрэнг,
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор МҮОНР-ийн ахмад найруулагч, Радио телевизийн дээд сургуулийн радио найруулагч урлагийн профессор багш Лувсанжамцын Банзрагч, Улаанбаатар эрдэм их сургуулийн гадаад хэл соёлын тэнхимийн эрхлэгч Норовын Уртнасан нарыг,
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор “On’n off Production”-ийн найруулагч Сэдбазарын Ононбат, Чингэлтэй дүүргийн 13-р хорооны өндөр настан, ахмад найруулагч Батмөнхийн Мушка нарыг,
Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор “Нью жуулчин турс” ХХК-ийн ерөнхий захирал Шагдарсүрэнгийн Нэргүй, “Нүхт тур” ХХК-ийн ерөнхий захирал Дамдинсүрэнгийн Хоржав нарыг,
Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Хатагтай эмнэлгийн ерөнхий эмч Дансүрэнгийн Ичинхорлоо, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентген оношилгооны их эмч Өлзий-Очирын Мангалбазар, “Сүйжин” эмнэлгийн эмч Даваадоржийн Адилбиш, Говь-Сүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг эрчимт эмчилгээний эмч Ядамжавын Минжүүр, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч Дамбын Лхагваа нарыг,
Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Таны зүтгэлийн төлөө ТББ-ын тэргүүн Шаравжамцын Батбаярыг,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Монголын банкуудын холбооны банкир Осордэлэгийн Хүрэлбаатарыг,
Алтан гадас одонгоор ТВ-5 телевизийн дэд захирал Эрдэнэчимэгийн Дагиймаа, БЗД-ийн 26-р хорооны өндөр настан Чулуунбатын Эрдэнэцэцэг, Ачит Ихт ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрийн Орхон аймаг дахь салбарын ерөнхий инженер Норсонгийн Нэргүй нарыг тус тус шагналаа.
Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулж хэлсэн үгэндээ:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу түүхт ойг тохиолдуулан энэхүү шагналыг олгож байна. Тодруулбал, дэлхий дахины тухайн үеийн цагийн байдал, Манж Чин улсын хүч суларсан тэр эгзэгтэй мөчийг монголчууд ухааран мэдэрч, ар Монголын шашны тэргүүн Богд хаанаар тэргүүлүүлэн үндэсний үзэл, эв нэгдэл, тусгаар тогтнолын төлөө санаа нэгдсэн билээ. Эв санаа нэгдсэн ой буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны түүхт 103 жил, Нийслэл хотын 375 жилийн ой, мөн хүний эрх, ардчиллыг сонгодог утгаар нь хэрэгжүүлэх, түүхээ үнэн зөвөөр нь мэдэх боломжийг бидэнд авчирсан Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ой тохиож байгаа. Энэхүү гурван ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал хүртээх зарлиг гаргасан. Үүний дагуу төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн та бүхэнд баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Шагнал гардуулах хүндтэй үүргийг гүйцэтгэсэн хүний хувьд би өөрийн зүгээс дахин баяр хүргэж, та бүхний гэр бүл, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүст ирж буй шинэ оны мэндийг хүргэж, шинэ жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье” хэмээв.