Хар дэвтэрт бичиж, хариуцлага тооцох цаг болжээ

zam0000 Замын салбарт бараг 20-иод жил ажиллаж байгаа гэж өөрсдийгөө дөвийлгөсөөр нийслэлийн хамгийн чухал хэсгийн тендерийг өөрийн болгож дөнгөсөн “Ялгуусан” компанитай хатуухан ха­риуцлага ярих цаг болжээ.

Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж саяхны нэгэн ярилцлагадаа “Цаг хугацаа хожимдуулж ашиглалтад өгсөн, чанарын шаардлага хангахгүй зам тавьсан компаниудыг “хар дэвтэр”-т бичиж дахин тендерт оролцох эрхийг нь хасна” гэсэн байна лээ.

Тэгвэл өнөөдөр “Ял­гуусан” ком­­панийн бус­ниу­лаад хая­чихсан Жуковын музей­гээс Офицеруудын ордон хүртэлх энэ хэсэгхэн зам хоёрхон жилийн өмнө ногоон модон хайстай ямар хөөрхөн байгууламж байс­ныг баян­зүрхчүүд сайн са­наж байгаа. Одоо түүнээс үлдсэн юм нь алаг цоог эвдэрхий хоёр замын дундах явган хүний замын тантан л байх шив дээ.

Монголчуудын нэгийг хийх гээд нөгөөг нь сүйт­гэдэг энэ муухай зан хэзээ нэг алга болох юм бол. Энэ жил уг нь төлөвлөгөө ёсоор нийслэл хотод 106.6 км зам засч, шинэчлэх юм билээ.

Хөгжлийн банк­ны сан­хүүжилтээр 80 тэрбум, Чингис бондоос 200 сая ам. доллар энэ жилийн зам засварын ажилд зарцуу­лагдана гэж байгаа. Энэ нь нийтдээ 350 тэрбум төгрөг гэсэн үг л дээ. Мөн ч их мөнгө шүү. Энэ их мөнгийг “Ялгуусан” мэтийн компанид өгч цаг заваа барж, уур уцаар болж суухаа больцгоох юмсан. Нийслэлийн Авто­замын газраас чухал ач хол­богдолтой замыг наад­мын өмнө буюу долоодугаар сарын 10-нд хүлээж авахаа мэдэгдсэн.

Тэгээд ч энэ жил до­лоо­дугаар сарын 13-14-нд “Чингис хаан” жүдо бөхийн Гран-при тэм­цээн Улаанбаатар хотод болно. Хоёрхон хо­ног бяр хүчээ сорьсон дэл­хийн хүч­тэнүүдийг Улаан­­баатарын ойролцоох Тэрэлжийн ам­ралтад аваа­чиж амраах л болов уу. Гэтэл дэлхийн хэмжээний том тэм­цээнд ирж хүч чадлаа сорин өр­сөлдсөн бөх­чүүдийн тэм­цээний да­раах сайхан сэтгэгдлийг “Ял­гуусан” ком­панийн барьж дуусаагүй эвдэрхий замаас болж унтраамааргүй байна. Уг нь нийслэлийн Ав­то­­замын газраас замын компаниудын хоёр ээлжээр буюу, шөнө, өдөргүй ажил­лахыг шаардсан юм билээ.

Гэтэл “Ялгуусан” ком­панийн ажилчид шөнө байтугай өдөр ажлаа хийх­гүй хоёр гурваараа энд, тэнд очоод сууцгаачихсан тамхи баагиулах нь арай л дэндүү. Энэ компанид замын инженер, талбайн даамал, ядаж л хэсгийн ахлагч байдаг эсэхэд эргэлз­мээр. Замын мэргэшсэн мэргэжилтэй ажилчдын тухайд яриад ч нэмэргүй. Замын хашлага суулгаж байгаа цээж нүцгэн хэдэн залуу сууж, сууж дуртай дургүй нэг хашлагыг овоолсон нойтон цементэн дээр суулгасан болохыг ха­жуугаас нь харахад бараг л нойр хүрмээр. Ингэж ажиллаж байгаа тэд Бота­никийн цэцэрлэг хүрэх зам энэ жил яагаад ч тавьж дуусахгүй нь тодорхой.

Хамгийн гайхалтай нь “Ялгуусан” компанийн тавьсан болж байгаа энэ замыг хянаж технологийн горим зөрчигдөж байгаа эсэхэд нь үзлэг, шалгалт хийж байгаа мэргэжлийн хүний бараа энэ зуны хувьд л лав харагдсангүй. Замын чанар гэж хоолойгоо сөөтөл бархиралддаг хэрнээ яг за­­­мын ажил хийж байхад дэргэд нь зааж зааварчилдаг, норм стандартыг нь хянаж цагддаг хүн алга.

Уг нь замын чанар, эдэл­гээг шалгах техник хэ­­рэгс­лийг энэ жил 10 шахам тэрбум төгрөгөөр шинэчилсэн гэж яригдаад байсан. Яг энэ ажлыг биеч­­лэн хянаж цагдах үүрэг­тэй улсын лабораторийн ажилт­­нууд юу хийж, хаана юу шалгаж явна вэ. Та нарыг энд тэнд сэлгүүцэж явах хойгуур “Ялгуусан” мэтийн компаниуд зам биш “там” тавьж төсвийн мөнгө, түмний хөрөнгөөр гараа угаацгааж сууна.

Хэдхэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын компани Төв аймгийн Лүн сумын нутагт туйлын чанаргүй зам тавьж олон түмнээс “там Очир” гуншин авч байж билээ. Тэгвэл өнөөд­рийн “там” тавигчаар “Ял­гуусан” компани тодрох нь тодорхой. Тиймээс энэ компанийг “хар дэвтэр”-т бичиж, хариуцлага тооцох цаг болжээ.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …