Сэгсэлзэх. Нэг ийм үг монгол үгийн санд байх. Гэхдээ амьдрал дээр энэ үгийг нэг их хэрэглээд байдаггүй. Харин энэ сарын 2-нд буюу олон нийтийн амралтын өдрөөр яаран сандран хуралдсан МҮОНРТ-ийн Үндсэний зөвлөлийн хурал дээр Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын аяглахыг хараад өөрийн эрхгүй “сэгсэлзэх” гэх үгийг үгийн сандаа оруулахаас аргагүй байдалд орлоо. Миний хүндэлдэг бас хайрладаг, бахархдаг жүжигчний нэг яах аргагүй Д.Сосорбарам. Ялангуяа “Илүү сартай зун” киноны Галбадрахын дүрээр түүнийг төсөөлдөг байв. Гэвч нэг л биш ээ. Настай, намбатай, үлгэр дууриалал болох хүн гэхэд ёстой л нэг сэгсэлзэж байна аа. “Чи дуугай бай, чиний тухай ярьж байхад дуугүй бай. Чамд тайлбар хэрэггүй” хэмээн дуугаа өндөрсгөн аяглаж байгаа ааш. Монголд хамгийн чанга дуутай хүн бол Д.Сосорбарам гэдгийг ч сонслоо, цочлоо, үзлээ. Хүн хүний төлөө зүтгэж болно л доо. Өөрт нь тус болсон хүнд хариу барих гэж яаж ч улайрч болно. Гэхдээ өөрийн мөн чанараа гээтлээ улайрна гэдэг нэг л санаанд багтахгүй байна. Шинээр бүрдэж, анхны хуралдаанаа хийж байгаа Үндэсний зөвлөлийн гишүүд нь ёс зүйн талаасаа ч, ажил үүргийн дагуу ч МҮОНРТ-д тулгамдаад буй асуудал, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан зэрэгтэй танилцмаар. Гэвч Үндэсний зөвлөлийн гишүүдэд энэ бүхэн ямар ч ач холбогдолгүй, гол нь цаад эзнийхээ өгсөн үүрэг даалгавар буюу М.Наранбаатарыг халахад л мэдрэлийн хамаг эд эс нь төвлөрөв. Үндэстний гэх зөвлөлд багтсан алба нь“хүндэдсэн” эрхмүүдийн аяг ааш энэ оны эхэнд ард түмэнд үзүүлсэн хамгийн хошин шог үзүүлбэр байлаа. Юун шинэ оны өдрүүдэд үзэгч түмэндээ зориулж урлагийнхны бэлдсэн, бэлтгэсэн хошин шогийн хөтөлбөрүүд. Олон нийтийн амралтын өдрөөр яаран сандран хуралдаж, эзнийхээ тушаасан бүхнийг ёсчлон биелүүлэх гэж улайрч байгаа МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд“Хошин урлаг”-ийн жүжигчдийг ичээв. Гол дүрд нь архирч, цамнаж, чарлаж, сэгсэлзэж тоглосон Со гавьяат бүр ч мундаг нь байлаа. Эзнээсээ ямар ч байсан энэ онд томооохон бэлэг авах хэмжээнд байж чадсан шүү.
Д.Лхагва-Очир