Хариуцлагын тухай ярих хийхээс өөр шүү, гишүүдээ…

UIHПарламентын гишүүд хариуцлагатай байж чадна гэдгээ хэлж байх юм. Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд үг хэлэх үеэрээ УИХ-ын гишүүдээс хариуцлагатай байхыг санууллаа. Мөн хариуцлагын тогтолцоог хамтдаа бий болгож, хамтдаа хэрэгжүүлж чадна гэдгээ дуу нэгтэйгээр хэллээ. УИХ-ын гишүүд хариуцлагагүй байдгийн нэг илэрхийлэл нь чуулган, байнгын хорооны хуралдаа цагтаа суудаггүй. Уг нь ард түмний тэднийг сонгохдоо ажил сайн хий, хэлэлцэж байгаа асуудалд анхаарлаа хандуулж, тойргийнхоо сонгогчдын дуу хоолой бол гэж явуулсан. Харин тэд өнөөдөр УИХ-ын даргаараа хуралдаа суухыг шаардуулж, нэрээ цохуулж л явна. Гэтэл жирийн иргэд ажилдаа хэдэн минут, секундээр хоцорсон түүний төлөө цалингаасаа хасуулж байх жишээний.

Тэдний хариуцлагагүй үйлдэл үүгээр дуусахгүй. Хамтдаа хэлэлцээд “зөв байна, болж байна” гээд л баталсан хуулиа хэдхэн сарын дараа “одоо өөрчлөхгүй л бол болохгүй” гээд үр дүнг нь үзээчгүй байж тэгж ярих. Түүнчлэн хэлэлцэн батлах зайлшгүй хуулиудыг хойш тавьж, албан тушаал, сандал ширээ ярихаараа наашаа суудаг байдал байнга давтагддаг. Энэ нь тэднийг юунд анхаарал тавьж, хариуцлагатай ханддагийг л илтгэж байгаа хэрэг. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы танхимд хэрхэн хариуцлагатай байх ёстойг гишүүдэд заалаа. Тэд ч толгой дохих нь дохиод, дэмжих нь дэмжээд л суусан. Гагцхүү үйлдэл дээрээ хэрхэн үзүүлэх вэ гэдэг нь чухал.

Ерөнхийлөгч хэлэхдээ “Бид хувь улстөрчийн болон бүлэглэлийн тоглолт, балмад үйл ажиллагаг амжилт, ололт гэж андуурч болохгүй. Харин мөнгөөр төлбөр нь үнэлэгдэж байгаа бүхнийг Монголын хохирол гэж тооцох ёстой. Манай зовлонгийн ихэнх нь дотроосоо үүсэлтэй. Бид аль нэг улстай хүйтэн дайн хийгээгүй. Харин бидний үүсгэсэн дотоодын хүйтэн дайн өнгөрөгч хоёр жил гаруйн хугацаанд Монгол Улсыг найман их наяд гаруй төгрөгийн хохиролд унагалаа. Хохирлыг хэн яаж тооцох дээр их, бага гэж маргаж магадгүй. Улсаа хохироож болохгүй. Энэ бол бидний сургамж” гэдгийг сануулав.

Үүнээс гадна “Монголын ард түмэн УИХ-д, Ерөнхийлөгчид, Засгийн газарт бүхнээ өгсөн. Манай иргэд сонгогчид өөрт нь хадгалагддаг төрийн эрх барих дээд эрх мэдлээ бидэнд өгсөн. Тэр том эрх мэдэлтнүүдийг холоос хайх хэрэггүй. Энэ танхимд бүгд байна. Зарим нь хурлаа тасалсан ч сандал нь, шийдвэр гаргалцдаг товчлуур нь нэртэйгээ байна. Төрд итгэхгүй байна. Энэ үнэн. Гашуун ч гэсэн үнэнийг хүлээн зөвшөөрье. Та бидний ажил нэг иймэрхүү л байна” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үгэндээ онцлов. Энэ бүгдийг ард түмэн мэдэж байгаа. Тэднийг хариуцлагатай байх ёстой гэж ярьж, шаардсаар ч ирсэн.

УИХ-ын гишүүд сонгуулийн өмнө ямар байдалтай байсан. Яг түүн шигээ байхыг ч уриаллаа. Бүхнийг хийнэ, бүхнийг чадна, бүгдийнх нь үгийг сонсоно гээд байсан хүмүүс улс төрд орж, УИХ-ын гишүүн болохоор үг дуу нь цөөрөөд, үйлдэл нь үгнээсээ зөрөөд эхэлдэг. Үүнийг л больё. Ярьсан, амласан, хэлснээ л хэрэгжүүлье. Ингэж л чадвал ямар хариуцлагатай байсан гэдгийг аяндаа ард түмэн дүнг нь тавиад өгнө. Өнөөдөр хариуцлагын тухай бүхий л салбарт ярьж байна. Гагцхүү хэрэгжүүлэхгүй байгаад л учир байгаа юм. Ярих нэг өөр, хийх нэг өөр шүү, гишүүд ээ.

Ц.Гэрэл /Uls.mn/

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …