Эдийн засгийн хямралаас гарах боломжтой гэсэн арга замыг хайж Засгийн газар хэд хэдэн албан татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа.
Үүний нэг хөрөнгийн албан татвар юм. Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөлд дөрвөн төрлийн албан татвар багтсан байна. Тодруулбал, орон сууц, буу, малийн хөлийн, авто машины гэх албан татварууд багтаад байгаа юм.
Орон сууцын татварыг гурав буюу түүнээс дээш орон сууцтай иргэнд ноогдуулахаар яригдаж байна. Харин бууны татварыг манай улсад 1997 онд тогтоосноос хойш өөрчлөөгүй байгаа юм. Энэ хуулийн төсөл 4000-6000 төгрөг байсан татварыг 50,000-100,000 байлгахаар тусгажээ. Гэхдээ 6 мм доош үрлэн сумтай бууны татвар 50 мянга, 6 мм дээш хэмжээтэй бол нэг удаа 100,000 төгрөгийг төлөх заалт гарсан юм.
Мөн авто машины татвар дээр тансаг хэрэглээний нүүрс хүчлийн хий ялгаруулдаг цилиндрийн багтаамж, харьяалагдах газраас нь хамааруулж ноогдуулах татвар харилцан адилгүй байх юм байна. Тухайлбал, нийслэлийн иргэдийн багагүй хэсэг нь хэрэглэдэг приус маркын авто машинтай хүн одоогийн үйлчилж байгаа хуулиар жилдээ 36 мянган төгрөг төлдөг бол хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 108 мянган төгрөг төлнө гэнэ. УИХ-ын зарим гишүүдийн зүгээс суудлын жижиг машиныг тансаг хэрэглээ гэж үзэхгүй байна хэмээн шүүмжлээд байгаа. Энэ талаар иргэд Засгийн газраас байгаль экологид ээлтэй, цахилгаан хөдөлгүүртэй авто машиныг дэмжих байтал эсрэгээрээ хаалт бий болгож байгааг шүүмжилсэн. Тиймээс хуулийн төслийг эргэн нягтлах хэрэгтэй гэдгийг зарим гишүүд хэлээд байгаа.
Дараагийн татвар нь малын хөлийн татвар юм. Энэ нь нэг үхэр, нэг адууг тус бүр таван хониор тооцож бодох гэнэ. Харин өрхийн гишүүн бүрт ноогдох хонины тоо толгой 50 хонь байхаар тооцоолжээ. Мянгаас дээш малтай иргэдийг мал аж ахуйгаас илүү их ашиг олох бололцоотой байна гэж үзэж ноогдуулж байгаа татвар гэж хууль санаачлагчид хэлсэн юм. Энэ заалтыг УИХ-ын зарим гишүүд дэмжиж зарим хэсэг нь эсэргүүцээд байгаа. Манай улсад 209 мянган малчин өрх 52 сая толгой мал хариулж байгаа гэсэн судалгаа гарсан байна. Тэгвэл сангийн яамнаас 52 сая толгой малыг ойролцоогоор 6 их наяд төгрөгийн хөрөнгө хэмээн үнэлжээ. Малын хөлийн татварыг малчдын 40 хувь нь төлөхөөр байгаа юм. Энэ нь малынхаа ашиг шимийг хүртэж амьжиргаагаа дөнгөж залгуулж байгаа малчин өрхүүдэд хамаарахгүй татвар юм. Тодруулбал 6 ам бүлтэй 300 хоньтой айл татвар төлөхгүй гэсэн үг.
Дээрх хуулийн төслүүд хэрэгжсэнээр хөрөнгө арвижуулах, эдийн засгийг эргэлтэд оруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх үндсэн зарчимтай хэмээн сангийн сайд тодотгосон. Гэхдээ хуулийн эдгээр төслүүдийг иргэж харах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм.
Г.Мягмарсүх
Эх сурвалж: www.new.mn