Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс орон даяар хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хуулийг нийслэлийн төр захиргааны байгууллагууд манлайлан хэрэгжүүлж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийг санаачилж байх үеэс л нийслэлийн Засаг даргын Тамгын газар цахим хуудсандаа “Шилэн данс” гэсэн цэсийг ажиллуулсан. Мөн шинэ оны эхний удирдлагын зөвлөлийн хурал дээрээ Хотын дарга хатуухан шийдвэр гаргаж, хууль биелүүлээгүй албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо. Төр захиргааны байгууллагууддаа хоёрдугаар сарын 1-ны өдрийг дуустал шилэн данстай болох үүрэг өгч, биелүүлээгүй тохиолдолд шууд л албан тушаалтай нь ярьж эхлэхээр болсон. Хуулиндаа бол хэрэгжүүлээгүй албан байгууллагыг торгох арга хэмжээ авна гэж заасан.
Үүнээс Хотын даргыг энэ хуульд ямар их ач холбогдол өгч буйг харж болно. Тэрээр “Шилэн дансны тухай хууль өнөөгийн нөхцөл байдалд маш чухал хэрэгцээ, шаардлагатай байна. Шударга байх нь сайн засаглалын нэг хэлбэр. Хуулийн хэрэгжилт бүрэн хангагдвал иргэд өөрсдийн өгсөн татварын мөнгийг хэрхэн юунд зарцуулж байгаа талаар хяналт тавих бүрэн боломжтой болно” гэж байв. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн төр захиргааны байгууллагын 70 хувь нь шилэн данстай болжээ. Хүүхдийн урлан бүтээх төв, Улаанбаатар хотын музей, Нийслэлийн автозамын газар, Соёлын төв өргөө, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Усан спорт сургалтын төв, Улаанбаатар сан зэрэг 11 байгууллага хараахан холбогдож амжаагүй байна. Харин дүүргүүдээр авч үзвэл Баянгол дүүрэг 3, Сүхбаатар дүүрэг 37, Баянзүрх дүүрэг 25, Хан-Уул дүүрэг 10, Чингэлтэй 19, Багахангай 1, Багануур 12 гэсэн үзүүлэлттэй байгаа юм. Шилэн дансны хуулийг дүүргүүдэд өрхийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль зэрэг газар ихэвчлэн хэрэгжүүлээгүй байгаа гэдгийг Нийслэлийн Дотоод аудитын албанаас мэдээллэж байв. Хууль хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа асуудлын талаар мөн тус албанаас судалжээ. Судалгааны дүнд Шилэн дансны хууль, холбогдох журмын талаарх сургалт, сурталчилгаа, хүртээмж бага.
Шилэн дансны нэгдсэн сайтнаас мэдээллийг түүвэрлэх, сортлох, нэгтгэх, боловсруулах боломжгүй. Шилэн дансны нэгдсэн сайтан дах байгууллагуудын бүртгэл давхацсан, орхигдсон, төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдээлэл алдаатай” байна гэсэн юм. Энэ талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзийгөөс тодруулахад “Одоогийн хийгдсэн Шилэн дансны нэгдсэн сайтаас иргэд санхүүгийн мэдээллийг өөрт ойлгомжтой байдлаар авахад хүндрэлтэй байгаа. Бүх мэдээллийг гараар шивж оруулж байгаа тул алдаа гарахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс тоон мэдээллийг ойлгомжтой энгийн байдлаар оруулахад зарим программд шинэчлэлт хийх шаардлагатай байгаа” гэлээ. Энэхүү шинэчлэлийн ажлыг тус газраас ойрын хугацаанд зохион байгуулахаар болсон байна. Мөн тус газраас шилэн данс нэгдсэн сайтад бүртгэгдсэн байгууллагуудын мэдээллийг нягтлан шалгаж давхардсан, татан буугдсан, зардлын дансуудаар бүртгэгдсэн 85 байгууллагын нэрийг хасуулахаар, 31 байгууллагын нэрийг засуулахаар болжээ.
Т.БАТСАЙХАН /ЗУУНЫ МЭДЭЭ/