УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар 2015 оны төсвийн тодотгол болон Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Энэ үеэрУИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцээгүй тул 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх нь хууль зөрчсөн явдал болно” гэлээ. Ингээд тэрээр төсвийн тодотголыг түр хойшлуулах горимын санал гаргасныг гишүүд дэмжлээ.
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийх ерөнхий механизмыг тусгажээ. Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 баталж, 2012 онд тус банкийг байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкаар хийгдэх санхүүжилт зөвхөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийн тусгай шаардлагаар хязгаарлагдаж, Хөгжлийн банкаар дамжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний зарцуулалтыг төсөвт тусгахгүйгээр зарцуулж байна. Хуульд заасан өрийн тусгай шаардлагын дагуу өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн хэмжээ 2014 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ-ий 55 орчим хувь хүрэхээр байгаа тул өрийн тусгай шаардлагыг хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэх шилжилтийн зохицуулалтыг хуульд тусгах шаардлага байна.Энэ шаардлагыг хангахын тулд улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулан 2018 оны төсвийн жилд хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэн бууруулахаар холбогдох өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгажээ.
Ц.Нандин