Налайхчууд өнгөрсөн лхагва гарагт дүүргээ хот болгох санал асуулгад идэвхтэй оролцож, иргэдийн 96.1 хувь нь дээрх асуудлыг дэмжсэн билээ. Ингэснээр анх НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы санаачилсан, төрөлх дүүргээ хот болгох асуудлыг НИТХ-д өргөн барихаар боллоо. Удахгүй энэ асуудал НИТХ-аар хэлэлцэгдэж, дараа нь Засгийн газарт өргөн баригдсанаар УИХ-аар эцэслэн шийдвэрлэгдэнэ. Үүний үр дүнд Улаанбаатар хотоос алслагдсан Налайхчуудын хувьд амьдарч буй орчноо бие даан хөгжүүлэх, улмаар амьжиргаагаа сайжруулах боломж, бололцоо бүрдэх юм.
Налайх дүүргийг бие даасан дагуул хот болгох ажлыг санаачилан түүний хууль эрхзүй, нийгэм, эдийн засгийн орчин нөхцлийг нарийвчлан судалж тусгайлсан 20 орчим дэд хөтөлбөр бүхий төслийг боловсруулан шийдвэрлүүлэхээр НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан зорьж, эл асуудлаа НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл нарт өнгөрсөн жил өргөн барьж байжээ.
Уншигчдадаа түүний өргөн барьж байсан албан хүсэлтийг хүргэе
Эх сурвалж: http://undesten.mn/