МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САН-ЦЭВЭР АГААРЫН САН Засгийн газрын тусгай сан Цэвэр агаарын сангаас Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах олон талт ажлын хүрээнд 500 мянган гаруй төгрөгийн өртөгтэй “ХАС”, “ӨЛЗИЙ”, “ГОЛОМТ”, “ДӨЛ” эрчим хүчний хэмнэлттэй сайжруулсан зуухыг 25000-58000 төгрөг болтол нь бууруулан гэр хорооллын 180 мянга гаруй айл өрхөд суурилуулан нийлүүлэхээс өнөөдрийн байдлаар 100 гаруй мянган айл өрхийг хамруулаад байна.
Гэтэл сүүлийн үед уг бүтээгдэхүүнийг авсан зарим иргэд хөдөө орон нутагт дамлан худалдах явдал мэр сэр гарч байгаа нь Шинэчлэлийн засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн үр дүнг бууруулж болзошгүй байна.
Уг бүтээгдэхүүнүүдийг эхний ээлжинд зөвхөн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг хамруулж байгаа бөгөөд /зөвхөн УБ хотын иргэнд дотаци олгож байгаа/ цаашдаа агаарын бохирдол хүлцэх хэмжээнээс давсан аймгуудын төвийн айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй зуухаар хангах асуудлыг шийдвэрлэхээр судалгаа явуулж байгаа болно.
Цэвэр агаарын сан нь өөрийн мэдээллийн системийг бүрдүүлсэн бөгөөд үүнд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн худалдан авсан нийслэлийн бүх дүүргийн гэр хорооллын айл өрх, иргэний судалгааг бүрэн хамруулан хянаж байна. Жишээ нь, Тухайн дүүргийн …дугаар хорооны тийм гудамжинд оршин суух иргэн Дорж болон түүний гэр бүлийн гишүүд ямар ямар бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдаж авсан, давхардуулж авсан эсэх тухай бүртгэл мэдээлэлээр гараад ирнэ гэсэн үг юм.
Төсөл хэрэгжих явцын дунд болон дуусах үед холбогдох байгууллагуудаас УБ хотод дахин тооллого хийх бөгөөд зуух болон бусад эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн худалдан авсан иргэн уг бүтээгдэхүүнийг хэрэглээгүй буюу дамлан зарсан, бусдад шилжүүлсэн нь тогтоогдвол эдгээр айл өрхүүдийн газар эзэмших гэрчилгээг цуцалж, Нийслэл хотоос албадан гаргах хүртэл арга хэмжээ авах болохыг урьдчилан анхааруулж байна. Мөн үүнээс гадна тус сангаас санхүүжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг УБ хот, ЦЕГ болон бусад холбогдох хууль, хяналтын байгууллагууд давхар хянаж шалгаж байгаа ба эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн/сайжруулсан зуух, шалны цахилгаан, хийн халаагуур, хагас коксон болон үртсэн шахмал түлш г.м/ дамлан худалдаж байгаа иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авах болохыг анхааруулж байна.
Засгийн газрын тусгай сан-Цэвэр агаарын сан
БУСДЫН ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ СУРЬЯ МОНГОЛЧУУДАА