Нийслэлийн зуслангийн бүсийн 20 гаруй аманд 25 мянга орчим өрх зусланд гардаг гэсэн судалгаа бий. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр зусланд гарах айлуудын тоо ч огцом нэмэгдэж байгаа. Хүмүүсийн төвлөрөл нэмэгдсэнтэй холбоотойгоор зуслангийн бүс хур хогонд дарагдаж, нийслэлийнхний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, ногоон бүс сэглэгдэх болсоор удаж байна. Зуны гурван сар хоггүй орчинд цэвэр цэмцгэр зусах боломжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Батлан хамгаалах яамтай хамтран олгохоор өнөөдрөөс ажилдаа орлоо. Нийслэлийн Засаг дарга Батлан хамгаалах сайд нарын хооронд байгуулсан нийслэлийн бүтээн байгуулалт, ногоон бүс, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалахад хамтран ажиллах тухай санамж бичгийн хүрээнд зуслангийн бүсийн хог хаягдлыг цэвэрлэх, ногоон бүсийг хамгаалах аян албан ёсоор эхэллээ.
Аяны хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ажилтнууд, нийслэлийн цэргийн хүрээний 18 ангийн 2000 дайчин зуслангийн бүсийн хог хаягдлыг цэвэрлэх юм. Хотын мээр аяны нээлтэд оролцож үг хэлэхдээ “Улаанбаатар бол бидний төрөлх гэр орон. Нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээн шагшигдаж байсан хот маань өнгөрсөн жилүүдэд хогондоо даруулж, тэр хогийг нь гадаадынхан цэвэрлэж явааг хараад сэтгэл урагдах шиг болдог. Одоо ийм унхиагүй байдлаасаа салах цаг болсон. Улсынхаа нийслэлийг хогноос салгаж, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, ногоон бүсээ хамгаалахын тулд Улаанбаатар хотын удирдлагын шинэ баг хог хаягдлын шинэ менежментийг нэвтрүүлж байна. Энэ ажлыг эх орныхоо энхийн манаанд зогсч байгаа цэргүүд, офицер ахлагч нар дэмжин оролцож байгаад чин сэтгэлээсээ талархаж байна” гэлээ. ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажав хоггүй орчноо хадгалах, ногоон байгууламжийг хамгаалахад иргэдийн оролцоо, ухамсар чухал нөлөөтэй гэдгийг онцолсон.
Хог хаягдлын шинэ менежмент нэвтрүүлснээр зуслангийн хогийн мөнгөө цахилгааны төлбөртэйгөө хамтатган төлдгийг болиулж зуслангийн 3 сард хүчинтэй үйлчлэх 10 мянган төгрөгийн ногоон карттай болно. Ногоон картаа худалдаж авсан өрхүүдэд сард 15 ширхэг зориулалтын хогийн уут өгөх бөгөөд ууталсан хогийг тогтсон хуваарийн дагуу шуурхай тээвэрлэх юм. Ингэснээр зуслангийн айлууд зуны 3 сар 10 мянган төгрөг төлөөд зориулалтын уутанд хийсэн хогоо ачуулдаг шинэ тогтолцоонд шилжлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
Санал болгох мэдээ
Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа
УИХ, Засгийн газраас Хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэлт болон үнэ өртгийг тогтворжуулах ажлын хүрээнд гурил, …