Б.Бэлгүтэй: Монголд анх удаа гэгээн хайрын өдрөөр 1000 хос болзоно

10979424_840656495976361_335384667_nМонголын Залуучуудын Холбоо нь хоёрдугаар сарыг “Хайрын  сар” болгон  зарлаж олон  үйл  ажиллагааг  зохион байгуулахаар төлөвлөөд  байна. Тэр  дундаа гэгээн валентины өдрийг тохиолдуулан “1000 хосын болзоо” арга хэмжээг зохион байгуулах тухай мэдээлэл тарсан  нь  олон хүний  анхаарлыг  татаад  байгаа.  Харин чухам ямар онцлогтой арга хэмжээ болох гэж  буйг  “1000 хосын болзоо”-г зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Б.Бэлгүтэйгээс  тодрууллаа.

-Монголын  Залуучуудын  Холбоо 2  сарыг хайрын  сар  болгон  давалгаалуулж  байна. Энэ хүрээнд  ямар  ямар ажлууд  хийгдэж  байгаа вэ? 

Энэ жилээс эхлээд Монголын залуучуудын холбоо сар бүрийг тодорхой нэршилтэй болгож түүнийхээ дагуу үйл ажиллагаа чиглүүлэн зохион байгуулахаар болсон. Хоёрдугаар сарыг “Хайрын сар” болгон найз нөхдийн хайр, гэр бүлийн хайр, эх орноо хайрлах хайр, хосуудын хайр гэх мэтээр хувааж тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Жишээлбэл Дугуйтай болзоо, Хайрын захидлын уралдаан, 17 дахь удаагийн “Цагаан Уул” наадмыг дурдаж болно. Түүнчлэн гэгээн хайрын өдрийг тохиолдуулан залуу хосуудад зориулсан “1000 хосын болзоо” үйл ажиллагааг 2015.02.14-ний өдөр зохион байгуулах болно.

1000 хосын болзоо арга хэмжээг зохион  байгуулна гэлээ. Энэ нь  нь  ямар  учиртай  үйл  ажиллагаа вэ? Дэлгэрэнгүй  мэдээлэл өгөөч?

Залуу хосууд бие биеэ ойлгохгүй, хүлээн зөвшөөрч буулт хийж асуудлыг зөвөөр шийдвэрлэж чадахгүйгээс болж хэрэлдэх, муудалцах, салах, нэг нэгнээ гомдоох явдал их байна. Үүнээс үүдэн залуус сэтгэл санааны өөрчлөлтөнд орж хорт зуршилд автах, зүй бус авир гаргах цаашлаад хууль зөрчих, амиа хорлох тохиолдол ч гардаг болсон. Иймээс хосуудыг бие биенээ хайрлах, харилцан үнэнч байх, дөнгөж үерхэж эхэлж байгаа энэ үе дээрээ нэг нэгнээ ойлгох, амьдралд тулгарах саад бэрхшээлүүдийг даван туулахад нь чиглүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохиож байгаа. Гэхдээ хамгийн чухал нь хосуудад гэгээн хайрын өдрийг хамгийн хямд зардлаар хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээх юм.

Хөтөлбөрийн тухайд хосын фото зургийн уралдаан, кино үзэх, хайраа цоожлох ёслолын ажиллагаа, хошин урлагийн тоглолт, хосуудын парти, мөн хосуудад зориулсан “Хайртдаа өгөх бэлэг” үзэсгэлэн худалдаа бий. Ер нь дээрх арга хэмжээ бүрийг хосууддаа сюрприз барих зорилгоор нууцалж байгаа. Хосууд маань тэнгис кино театрт “Надад итгээч” МУСК болон “Fifty Shades of GreyУСК –уудаас сонголт хийн үзэх боломжтой.

Мэдээж аливаа арга хэмжээнд зардал гарна. Бид хамтран ажиллаж буй байгууллагуудтайгаа ярилцаж хосууддаа хамгийн хямд үнийг санал болгож байгаа.  Бүхий л арга хэмжээ, үйл ажиллагааны зардал нийлээд хосоороо 47000 төгрөгийн хураамжтай байхаар тогтоосон. 4 – чамд, 7 – хайртай ингээд би чамд хайртай гэж байгаа юм. хэхэ

10409050_872968976086684_6180408580407507152_n-Хосуудад зориулсан үзэсгэлэн худалдаанд ямар байгууллагууд оролцох вэ. Бусад  үзэсгэлэн  худалдаанаас  ялгарах онцлог  гэвэл..?  

“Хайртдаа өгөх бэлэг” Үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 10-14-ний өдрүүдэд МЗХ-ны “Залуус” танхимд болно. Жил бүрийн валентиныг хосууд маань нэг нэгэндээ шоколад юмуу өөр ямар нэгэн бэлэг өгөх, үзвэр үзэх, хамтдаа цагийг өнгөрөөх гэх мэтээр сонголт багатай өнгөрүүлдэг. Өөрөөр хэлбэл яг зориод очих хосын бэлэг дурсгалын дэлгүүр, хосуудад зориулсан цуврал арга хэмжээ байдаггүй. Тэгвэл МЗХ-ноос зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хотод хосуудад зориулсан бүтээгдэхүүн борлуулдаг, үйлчилгээ үзүүлдэг дэлгүүр, байгууллагуудыг нэг дор төвлөрүүлснээр бэлэгний төрөл зүйл олон байж, тэндээс сонголт хийх боломж гарч буйгаараа онцлог юм. Үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн залууст янз бүрийн гэнэтийн бэлгүүдийг бэлдсэн байгаа.

Үзэсгэлэн  худалдаанаас  гадна  залуусын сонирхлыг  татах  бусад  үйл ажиллагаанууд  хөтөлбөрт байгаа юу?

Үзэсгэлэн худалдааны үеэр Хосын фото зургийн уралдааны хамгийн их лайк цуглуулсан эхний таван хосын зургийн эздийг шалгаруулж ивээн тэтгэгчдийн шагналыг гардуулах, хайрын номын нээлт гэх мэт арга хэмжээнүүд бий. Оролцогч байгууллагуудаас дурдвал монгол бичгээр калиграф бичдэг залуус хосуудын нэрийг янз бүрийн зохиомжтой бичиж өгөх, хосуудын зургийг янз бүрийн зохиомжтойгоор авч өгөх, хосын подволк, аяга, зүүлт, утасны гэр, гэх мэт бэлэг дурсгалын зүйл худалдаалагдахаас гадна хос дугаар, хосын аялал зэрэг маш олон төрлийн үйлчилгээг үзүүлнэ. Бид оролцогч байгууллагууддаа жирийн үед байдаг үнээсээ доод тал нь 20-30 хувь хямдруулах шаардлага тавьж байгаа учир хямд бөгөөд өргөн сонголттой бэлгээс хайртдаа сонгоод авах боломжтой.

-Мөн хайртай  хосууд  маань  “Хайраа цоожлох ёслол” болно гэж  сонссон. Энэ талаар ..?

Энэ ёслол маань МЗХ-ны гадна талбайд болно. Гэхдээ бид манай холбооны гадна  байрладаг хайрын модноос илүү том хайрын модыг шинээр хийхээр бэлдэж байна. Арга хэмжээнд оролцогч залуус маань Хайрын модонд өөрсдийн хайр сэтгэл, үнэнчийн баталгаа болгон түлхүүргүй өөрөөр хэлбэл хэзээ ч онгойхгүй цоожийг цоожлоно. Хайраа цоожлох ёслолд он удаан жил хамт амьдарсан олны танил хосууд бас ирнэ.

-Хосууд цоожоо авч очих уу эсвэл тэнд зарагдах уу?

“1000 хосын болзоо”-нд бүртгүүлэн оролцож байгаа залуусын хувьд бүртгэлийн хураамж дотор цоожны зардал болон бусад бүхий л зардал багтсан байгаа. Хосууд маань жил бүрийн Валентинаар хайртыгаа баярлуулахын тулд багагүй зардал гаргадаг. Харин манай арга хэмжээний хувьд хямд зардлаар олон үйл ажиллагаанд оролцож гэгээн хайрын өдрийг гайхалтай тэмдэглэх боломжийг хосууддаа олгож байгаа юм. Тэгэхээр энэ үйл ажиллагаанд хосуудыг оролцохыг урьж байна.

-Хошин урлагийн тоглолт болон хосын партины тухайд ямар онцлогтой байх вэ?

Хошин урлагийн бүхий төлөөллүүд оролцох бөгөөд зөвхөн нэг удаа гэгээн валентины өдөр тоглогдох тоглолт байгаа. Хосын парти бол зөвхөн хосуудад зориулагдсанаараа онцлог. Жишээ нь парти дээрх ундаа, амттан зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд нь дандаа хосоороо худалдаалагдана. Түүнчлэн хосуудын харилцаа, хайр сэтгэлтэй холбоотой янз бүрийн уралдаан тэмцээн, шоу, алиалагч гэх мэт зүйлс бас байна. Ер нь бол залуучуудыг уйдаахгүй, маш шинэлэг арга хэмжээ болгохыг зорьж байна.

-Бүх үйл ажиллагаа цагийн хуваарийн дагуу явагдах юм байна. Харин хооллох тухай ярьсангүй. Үүнийг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

Арга хэмжээ болгоны хооронд нэг газраас нөгөө газарлуу явах түүнчлэн өдрийн болон оройн хоолны цагийг бид хуваарьтаа оруулсан байгаа. Харин 47000 төгрөгийн таксанд хоолны зардал ороогүй. Хосууд маань өөрсдөө тодорхой гаргаж өгсөн цагт хүссэн газраа сонгоод хоолонд ороод цагийн хуваарийн дагуу дараачийн үйл ажиллагаандаа оролцоно.

Энэ олон хүн нэг арга хэмжээнээс нөгөө рүү хэрхэн явах вэ. Арга хэмжээ болох газрууд хоорондоо зайтай юу? 1000 хосоо хэрхэн бүрдүүлж байгаа вэ?

Арга хэмжээ болох газрууд маш ойрхон учраас алхаад явна. Монголын залуучуудын холбооны 21 аймаг дахь салбар холбоодоор дамжуулан 21 аймагт хоёрдугаар сарын 14-нд хосуудын болзоог зохион байгуулна. Нийтдээ орон даяар 1000 хос болзох юм. Дараа дараагийн жилүүдэд ч уламжлал болгон зохиогдох энэ арга хэмжээнд улам олон хосууд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Насны хязгаар заасан байгаа юу?

-18-аас дээш бүх насны хосууд оролцох боломжтой.

-Арга хэмжээнд оролцох хосуудыг хэдэн хүртэл хаана бүртгэж байгаа вэ?

Бүртгэл хоёрдугаар сарын 13-ныг хүртэл Монголын залуучуудын холбооны 103 тоотод явагдана. Фэйсбүүк дээр манай “Хайртдаа өгөх бэлэг”, www.facebook/247giftгэсэн хуудас байгаа. Мөн гүүгл болон фэйсбүүкээс “1000 хосын болзоо” гээд хайхад дэлгэрэнгүй мэдээллүүд гарч ирнэ.

Утсаар мэдээлэл авахыг хүсвэл 99003799, 89058980 гэсэн дугаараар холбогдох боломжтой.

Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Б.Мөнхтуяа

www.zun.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …