Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, газрыг шударгаар хувьчлахын төлөө “Газар хөдөлгөөн” хамтран нийслэлийн гэр хороололд оршин суугч иргэдийн анхдугаар чуулганыг өнгөрсөн оны 5 сарын 17-ны өдөр зохион байгуулсан юм. Энэхүү чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд II чуулган 06 сарын 21-нд болох гэж байна.
Чуулганд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн 6 дүүргээс сонгогдсон 3000 гаруй төлөөлөгч, албаны хүмүүс оролцох юм. УИХ-ын намрын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдан хэрэгжиж эхэлсэн түүхэн бүтээн байгуулалт болох гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын талаар нийслэлийн удирдлагууд, гэр хороололд оршин суугч иргэдтэй “Монгол бөхийн өргөө”-д чуулж, санал бодлоо нээлттэй солилцоно. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн 12 байршилд хэрэгжих ажлын эхний 6 байршилд бүтээн байгуулалт албан ёсоор эхэлсэн бөгөөд чуулга уулзалтад аж ахуйн нэгжтэй тохиролцон, газраа чөлөөлж, түр орон сууцанд амьдарч байгаа, түүхэн ажлыг дэмжсэн иргэд ч оролцох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.