ҮСХ-ны даргаар С.Мэндсайханыг улируулан томилохыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дарга З.Энхболд Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус хорооны даргаар С.Мэндсайханыг томилуулахаар санал болгож буйгаа танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Үндэсний статистикийн хороо болоод аймаг, нийслэл дэх газар, хэлтсүүдийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарч ажиллах хэрэгтэй хэмээн хэлсэн. Ингээд тус байнгын хорооны гишүүдийн олонх С.Мэндсайханыг Үндэсний статистикийн хорооны даргаар улируулан томилохыг дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

DSC_3966Үүний дараа Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн бол санал хураалт явуулж болно гэж заасны дагуу гүйцээн боловсруулсан зүйл заалтуудаар санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх, зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлээс гадна худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай заалтыг дэмжсэн. Гэхдээ хуулийн төсөлд дээрх 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалтыг Засгийн газар тухай бүр нь тогтоож болно гэж заасан бөгөөд үүнд онцгой албан татвар ногдох бараа, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн хамаарахгүй гэдгийг тодруулан оруулсныг мөн дэмжсэн юм. Мөн энэ үеэр байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн долоон саналаар дахин санал хураалт явуулан нэгдсэн хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхээр тогтсон юм.

Дараагийн хэлэлцсэн асуудал нь “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудал байв.

DSC_3988Тогтоолын төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа.

Тогтоолын төсөл 5 заалттай байх бөгөөд 1 дүгээр заалтад “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр”-ийг хавсралтаар батлахаар тусгажээ. 2 дугаар заалтад хөтөлбөрийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхийг холбогдох төрийн байгууллагуудад даалгахаар, 3 дугаар заалтад хөтөлбөрийн явц, үр дүнгийн талаар УИХ-д тайлагнах хугацааг зааж, 4 дүгээр заалтад тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтанд даалган хариуцуулахаар, 5 дугаар заалтад тогтоолын хүчин төгөлдөр болох хугацааг заахаар тусгасан байна.

Тогтоолын төсөлд хөтөлбөрийг макро эдийн засгийг тогтворжуулах болон эдийн засгийн өсөлтийг дэмжих гэсэн хоёр үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хөтөлбөрийн зорилт, арга хэмжээ тус бүрийг богино хугацаанд үр дүнгээ гаргах, дунд хугацаанд үр дүнгээ гаргах арга хэмжээнүүд гэж ангилан тусгажээ. Тогтоолын төсөлд нийт 74 арга хэмжээг хамруулахаар төлөвлөснөөс макро эдийн засгийг тогтворжуулах бодлогын хүрээнд төсвийн бодлогыг сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх замаар эмзэг бүлгийг хамгаалах зэрэг арга хэмжээг тусгасан бол эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулалт болон экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээг тусгахаар төлөвлөжээ.

Эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн нийт тэнцлийн алдагдлыг бууруулж, хувийн хэвшилд ирэх ачааллыг зөөлрүүлж, ажлын байрыг хамгаалахаас гадна дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх, эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх, зэрэг үндсэн чиглэл, цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр манай улсын эдийн засагт учрах сөрөг нөлөөллийг багасган, хямралт байдлыг эрсдэл багатайгаар даван туулах зэрэг эерэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Дээрх тогтоолын төслийг УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцээд эдийн засгийн хүндрэлийг даван туулах асуудлыг УИХ олон удаа хэлэлцээд, Засгийн газарт үүрэг өгсөн учир энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн тухай тус бүлгийн дэд дарга С.Одонтуяа танилцуулсан. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уг тогтоолын төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй хэмээн үзсэн бүлгийнхээ байр суурийг илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Эдийн засгийн бодит байдлыг мэдэрч, хүндрэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт дутуу зүйл байгаа ч гэсэн сайжруулаад, дутууг нь гүйцээгээд батлах нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан төсөл санаачлагчаас асуулт асуун, саналаа мөн хэлсэн. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …