Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас аялал жуулчлалын идэвхтэй улирал эхэлж байгаатай холбоотойгоор жуулчдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, ая тухтай, аялах нөхцлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.
Тухайлбал,гадаадын жуулчдын гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах утсыг нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэргэдэх Мэдээлэл, сурталчилгааны төвийн 70108687 дугаарын утсаар гадаадын жуулчид санал, хүсэлт гомдолоо илрэхийлж, шийдвэрүүлэх боломжтой болжээ.
Мөн нийслэлийн аялал жуулчлалын газраас нийслэлийн цагдаагийн газрын хөдөлгөөнд эргүүлийн офицер, цагдаа, Чингис хаан олон улсын нисэх буудлын захиргаа, Хилийн шалган нэвтрүүлэх алба, Улаанбаатар төмөр замын буудлын захиргааны мэргэжилтэн албан хаагч нарыг харилцааны соёлын болон англи хэлний сургалтад хамруулсан байна.
Гадаадын жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй нийслэлийн төв гудамж, талбайн камерийн системийг нэмэгдүүлэх, эргүүлийн цагдаагийн тоог нэмэгдүүлэх ажлыг НЦГ-тай хамтран зохион байгуулж, 360 градусын эргэлттэй, машины дугаар, хөдөлгөөнийг тодруулж, хянах санамжтай 30 камерийг Саппорогийн аюулгүйн тойрог, Баруун дөрвөн зам, Их дэлгүүр, Төв шуудан, МУБИС, 13 дугаар хороолол, Зүүн дөрвөн зам зэрэг газарт байрлуулан 24 цагаар хянаж байгаа юм байна. Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний нийтийн тээврийн автобусны 42 буудалд хэв журмын хяналтын санамжтай 84 камерийг байрлуулж байгаа бөгөөд энэхүү хяналтын камеруудыг 6 сарын 28-ний өдөр бүрэн хүлээн авахаар төлөвлөсөн байна.
Мөн камерийн сүлжээнд холбогдож бүрэн тоноглогдсон хөдөлгөөнт явуулын 6 автомашиныг хэв журмын үйлчилгээнд гаргахаар болжээ. гададаын жуулчид худгай гэмт хэргийн хохирогч болох нь элбэг байдаг учраас жуулчдыг хулгай, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх тухай 20000 ширхэг санамжийг боловсруулан гаргаж, аялал жуулчлал эрхэлж буй аж ахуйн нэгж, томоохон зочид буудал, зоогийн газар, төмөр зам, нисэх онгоцны буудлуудад байршуулж, аялагчдад түгээж эхэлсэн байна.
Хулгай, дээрэм, булаалт, танхай ялангуяа халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг болон шөнийн цэнгээний газрууд, томоохон зочид буудал бүхий газруудад эргүүл ажиллуулах, халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн төлөөлөгчдийг тогтмол хяналт тавьж ажиллуулж байгаагаас гадна Горхи-Тэрэлжийн амралт, аялал жуулчлалын бүсэд цагдаагийн нэгж, албан хаагчийн тоог нэмэгдүүлэхээр нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Цагдаагийн газар хамтран ажиллаж байгаа аж. Жуулчидын ая тухай зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Хот тохижилтын газартай хамтран гадаадын аялагчид хамгийн их зорчдог Улаанбаатар хотын төвийн Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Эрхүүгийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, Жамъяан гүний гудамж, Амарын гудамжны гэрэлтүүлэг, орчны цэвэрлэгээг сайжруулжээ.
Наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн наадмын талбай, жуулчдын секторын хамгаалалтад англи хэлний сургалтад хамрагдсан цагдаа нарыг ажиллуулах, тоог нь нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.