ETV телевизийн сэтгүүлч Г.Тэгшжаргал тэргүүтэй уран бүтээлийн баг “Төөрөлдсөн тавилан” нэртэй эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж, хувь заяаны эргүүлэгт төөрөлдсөн эх үрс, ахан дүүсийг уулзуулж, монгол үзэгчдийг бие биенээ хайрлах хүнлэг сэтгэлийн дор нэгтгэж чадлаа. Нэвтрүүлгийн баатар Л.Бямбасүрэнд Монгол төрийн тэргүүн өршөөл үзүүлсэн нь нэвтрүүлгийн баг мэргэжлийн өндөр түвшинд ур чадвартай ажиллаж, асуудлыг нийгмийн анхаарлын төвд хүргэж чадсаны бодит нотолгоо юм.
Нийгэм, иргэний сайн сайхан, зөв шудрагын төлөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид сэтгэл зүтгэл гарган ажиллавал эерэг сайн үр дүнд хүрч болдгийг үйл ажлаараа нотолсон танай хамт олон, онцгойлон сэтгүүлч Г.Тэгшжаргалд талархал илэрхийлье. Асуудлыг олж харсан сэтгүүлч, уран бүтээлчдээ дэмжин жирийн нэгэн монгол айлын хувь тавилангийн ээдрээг тайлах, олон нийтийн анхаарал сонорт хүргэх бүхий л талын боломжийг нь хангаж өгсөн ETV телевизийн удирдлагуудад мөн талархаж байна.
Сэтгүүлзүйн нийгмийн өмнө хүлээсэн онцгой хариуцлагын мөн чанарыг илэрхийлж чадсан хүнлэг энэрэнгүй, чин шудрага нийтлэл, нэвтрүүлэг олныг бэлтгэж теле сэтгүүлзүйн салбарын мэргэжил нэгт нөхдөдөө үлгэр дуурайл болохын төлөө та бүхнийг хичээнгүйлэн ажиллаж ихийг бүтээнэ гэдэгт итгэж байна.
Та бүхний ажил үйлсэд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид
Улаанбаатар хот.