Дорноговь аймгийн прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх С.Цэрэнсамбуу тус аймгийн 14 сумын засаг даргыг хүлээн авч уулзан аймгийн хэмжээнд 2014 онд гарсан гэмт хэргийн гаралт, эрүүгийн нөхцөл байдал, төрийн албан хаагчдаас үйлдсэн гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна.
– Иргэд архи согтууруурах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гарсаар байгаа тул иргэдэд төрийн хууль тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах, гэмт хэргийн хор уршгийг ойлгуулах зэрэг ажлыг тогтмол хийж, “Архигүй байгууллага, хамт олон” бий болгох хөдөлгөөнийг өрнүүлэх хэлбэрээр үр дүнтэй ажлыг зохион байгуулах талаар зөвлөгөө өгсөн байна. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр засаг дарга нараас орон нутагтаа тодорхой ажлуудыг сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хийх шаардлагатай байгаа
– Сүүлийн жилүүдэд тус аймагт авто зам шинээр ашиглалтанд орсонтой холбоотойгоор зам тээврийн аваар, осол гарч бусдын амь нас хохирох, бие эрхтэнд нь гэмтэл, эд материалын хохирол их хэмжээгээр учирч хохирч байгаа тул сумын нутаг дэвсгэрт осол аваар гарсан газарт “хурд сааруулагч” тавих, осол аваараас урьдчилан сэргийлсэн самбар, зурагт хуудас хийж байрлуулах зэргээр тодорхой ажлыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Мөн мал бүхий иргэдэд малаа байнга хараа хяналтандаа байлгах талаар “санамж” “анхааруулга”, “сэрэмжлүүлэг” зэрэг хуудсыг хэвлүүлэн иргэдэд тараах, хулгайн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд чиглэсэн арга хэмжээг авч ажиллах
– Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг сүүлийн үед аймгийн хэмжээнд өсөх хандлагатай байгаа тул хууль бусаар ашигт малтмал олборлох, байгаль орчныг бохирдуулах, ашигт малтмал олборлочихоод нөхөн сэргээлт хийхгүй орхих, агнахыг хориглосон хулан, зээр зэргийг хууль бусаар агнаж ан агнуурын хууль зөрчиж байгааг таслан зогсох, дахин гаргуулахгүй байхад засаг дарга нар анхаарлаа хандуулж иргэдэд хууль, журам сурталчлах, тайлбарлан таниулах талаар ажлуудыг хийх шаардлагатай байгаа
– Аймгийн прокуророос сумдын засаг дарга нарт шүүхээс хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтантай биечлэн уулзаж ялын биелэлтийг хангуулах, шүүхийн шийдвэрт заасан үүргийг хэрэгжүүлэх, ажлын байраар хангах, тэднийг нийгэмшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, дахин гэмт хэрэг үйлдэж, захиргааны зөрчил гаргахгүй байхад чиглэсэн бүх талын ажлыг хийж, тэднийг сум орон нутгаас зохион байгуулж байгаа хууль тогтоомж сурталчлах, тайлбарлан таниулах нэгдсэн арга хэмжээнд өргөнөөр оролцуулах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулах талаар зөвлөгөө өгч засаг дарга нартай харилцан ярилцаж саналаа солилцсон нь үр дүнтэй ажил болжээ.