Өнгөрсөн 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалд зориулж хийсэн бэсрэг наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань нарт ижил цоохор зүсмийн морьд бэлэглэсэн юм.
Ижил сүрэгт нь өвөлжүүлсэн хоёр морийг БНХАУ-ын дарга Си Зиньпинд хүргүүлэхээр өнөөдөр Замын-Үүдийн гааль, хилийн цэрэг, мал эмнэлэг, хорио цээрийн хяналтаар оруулан улсын хил нэвтрүүлсэн байна. Улсын хилийн 0 цэг дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гааль, Хилийн цэрэг, Хорио цээрийн байгууллагын төлөөлөгчид морьдыг Хятадын талд хүлээлгэн өгчээ.