Швед улсад ажиллаж амьдардаг, нийгмийн идэвхтэй манлайлагч болсон залуусын санаачилгаар Монголын Залуучуудын Холбооны Швед улс дахь “Залуучуудын Зөвлөл” албан ёсоор байгуулагдсан байна. МЗХ нь залуучуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжин дэвшүүлж, чадавхижуулах зорилго бүхий “Залуучуудын зөвлөл”-ийг залуу хүн байгаа газар бүрт байгуулахаар ажлын төлөвлөгөөндөө тусган ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд дүүргүүдийн ЗДТГ, ЕБС, банк, МСҮТ зэрэг албан байгууллагуудад мөн дүүргүүдийн хороодод залуучуудын зөвлөлийг байгуулаад байсан бол харин одоо гадаад улс орнуудад залуучуудын зөвлөлийг байгуулж эхэлжээ.
Үүрэгт ажилдаа ороод удаагүй байгаа Элчин сайд З.Алтай Швед улс дахь “Залуучуудын Зөвлөл”-ийн тэргүүн Д.Наранхүүд гэрчилгээ, тэмдгийг гардуулан өгч, амжилт хүсээд цаашид ЭСЯ-ны зүгээс Залуучуудын Зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж, нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ. Монголын Залуучуудын Холбоо нь улс орныхоо хөгжил, дэвшил, бүтээн байгуулалтанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний өмнө тулгарч буй асуудлыг өөрсдийнх нь оролцоотойгоор шийдвэрлүүлэх, төлөвшин хөгжүүлэх зорилгоор 2013 оны үйл ажиллагаагаа “Оролцъё” уриан дор явуулж байгаа бөгөөд энэ хүрээнд Швед улсад амьдарч буй залуучуудын санаачилгыг дэмжиж, гадаад улс дахь анхны залуучуудын зөвлөлийг байгуулсан нь энэ юм.