ТНБД Ж.Баярцэцэг НҮБ-ын индэр дээрээс үг хэллээ

bayrtsetseg nub-inder НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар баталсан тогтоолын дагуу “Хүний наймаатай тэмцэх асуудлаарх” өндөр хэмжээний уулзалт өнөөдөр Нью-Йорк хотноо эхэллээ. Өндөр хэмжээний уулзалтад нийт 190 гаруй орны төлөөлөгчид оролцож байна. Финландын Парламентын дарга, Люксембургийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд зэрэг өндөр албан тушаалтнуудаас гадна 30 гаруй орон Засгийн газрын гишүүний түвшинд, 20 гаруй орон дэд сайд, ТНБД-ын түвшинд оролцож байна.

Уулзалтыг нээж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн хэлэхдээ “Хүний наймааны асуудал нь олон улсын түвшинд тулгарч байгаа хамгийн том сорилтын нэг болоод байна. Хүний наймааны гол хохирогчид нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаад сэтгэл нэн түгшиж байна. Хүний наймаатай тэмцэх асуудлаарх Паллерма-гийн нэмэлт Протоколд бүх гишүүн орнууд нэгдэж орох, Хүний наймаатай тэмцэх асуудлаарх олон улсын хэмээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах болон Хүний наймаатай тэмцэх Итгэлцлийн санд татвар хандив өргөх гэсэн гурван асуудалд нэн яаралтай анхаарлаа хандуулахыг гишүүн орнуудад хандан уриалж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж үг хэлсэн үгэндээ хүний наймаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх болон хохирогчдыг хамгаалах асуудлаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

2011 онд УИХ-аар баталсан “Хүний наймаатай тэмцэх тухай хууль” нь уг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх болон хохирогчдыг хамгаалахтай холбогдсон бодлогын үндсэн тулгуур баримт бичиг болж байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн 2009 онд Хүний наймаатай тэмцэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан бөгөөд салбар дундын үйл ажиллагааг зохицуулах, үндэсний хэмжээнд хүний наймаатай тэмцэх асуудлыг сайжруулах зорилго бүхий “Үндэсний дэд зөвлөл” байгуулагдан ажиллаж байгааг мэдээлэв.

Засгийн газраас санаачилсан Эрүүгийн тогтолцооны шинэтгэлийн хүрээнд үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, хохирогч, гэрч хамгаалах улмаар дотоодын холбогдох хууль тогтоомжуудад нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа талаар танилцуулаад, “Хүний наймаатай тэмцэх асуудлаарх олон улсын хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар идэвхи чармайлттай ажиллахаа нотолсон байна. Мөн улс орнууд эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж хамтран ажиллахыг уриаллаа.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …