Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ!
Улаанбаатар хотын иргэд ээ!Ирж буй XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонин жилийн сар шинийн мэндийг хүргэж, түмэн амгаланг тань айлтгая. Эргэх дөрвөн цагийн саалтад эв эеэр хорвоог хөглөж, хотлоороо ахуй амьдралаа нугалсаар ирсэн Монголын ард түмний уламжлалт их баяр Цагаан сартайгаа бид золгож байна. Монголчууд бид өрлөг түүх, өв соёл, ёс заншлаа үлэмж дээдлэн, азай буурал, ахас ихсээ хүндэтгэж, нялхас багачуудаа тэтгэж, залуу үедээ заан сургаж, сайн үйл, сайхан ерөөл бэлгэдлээр ирж буй жилээ өлгийддөг эртний сайхан уламжлалтай.
Хангирсан одож буй морин жил нийслэлчүүд бидний хувьд өлзий буянаа өгсөн, өөрчлөлт шинэчлэлээр амьсгалж, хөгжил дэвшлийн шинэ цулбуурыг иргэдэд маань атгуулсан өрнүүн их хурдтай жил байлаа. Бид өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ оролцоотойгоор олон салбарт томоохон бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотод хуримтлагдсан хур асуудлуудыг дэс дараатай, төлөвлөгөөтэйгөөр шийдвэрлэж эхэллээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил Та бидний хамтын зүтгэлээр жинхэнэ утгаараа үр шимээ өгч, зах зээлийн зарчмаар газраа үнэлсэн иргэд орон сууцанд орж магнай нь тэнийлээ. НИТХ-аас тогтоосон байршилд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил хүрээгээ тэлж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлан, нийслэлийн авто замын сүлжээгээ засч, сайжруулсаар байгаа нь Та бидний хамтын бахархал юм. Нийслэлийнхээ түүхийг зузаалсан олон үйл явдлаар дүүрэн морин жилээ үдэж, хатуу өвлийг хамтдаа өнтэй сайхан давлаа.
Ирж буй хонь жилдээ мартсанаа санаж, санаснаа хэрэгжүүлж, урин хавартай зэрэгцэн Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэж байна. Найман настай балчраас наян настай буурал хүртэл нийслэлийн бүх иргэддээ Монгол Улсын гал голомт болсон төрөлх хотынхоо бүтээн байгуулалтын үр шимийг бодитоор хүртэх боломжийг ханган ажиллахаа нийслэлийн удирдлагын баг амлаж байна. Үгийн сайныг хэлэлцэн, ёсын дээдийг сахиж, өтгөс буурлуудаа хүндэтгэн урин хавраа угтацгаая.
Та бүхэн дүүрэн жаргалтай, түвшин амгалан сайхан шинэлээрэй.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
Д.БАТТУЛГАНИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛ
Д.БАТТУЛГАНИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛ
Ugluu.mn