МУБИС-ийн оюутны холбооноос “Монгол ёс заншил, дээлтэй Монгол” өдөрлөгийг өнөөдөр МУБИС-ийн “А” байранд зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа жил бүр уламжлал болгон явагддаг бөгөөд МУБИС-ийн 5 салбар сургуулийн оюутнууд оролцдог байна.
МУБИС-ийн оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, УБТС-ийн оюутны зөвлөлийн дарга Г.Төгөлдөр: “Дэлгэрэх төрийн дээл, мандах төрийн малгай, Бүтэх төрийн бүс, Тулхат төрийн тулгуур гутал гэж Монгол түмэн маань үндэсний хувцсаа бэлэгшээн дээдэлдэг. МУБИС-ийн оюутнууд өнөөдөр Монгол дээлээрээ гоёж, бахархаж байгаад баяртай байна. Мөн айлыг хүүхдээр нь, хүүхдийг тоглоомоор нь шинж гэдэг. Бидний багадаа тоглож ирсэн монгол тоглоом нь эх орны тухай, ард түмний зан заншил, ёс суртахуун, ахуй амьдрал, хөдөлмөрийн тухай маш олон зүйлийг таниулдаг учраас тоглоомын үзэсгэлэн гаргасан” гэв.
Л.Цэрэндолгор
Эх сурвалж: www.undesten.mn