“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайдын Аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн зөвлөх Б.Батсайхан оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн илгээлтийг уншиж, гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын ИЛГЭЭЛТ
Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх үйлсэд амь бие үл хайрлан тэмцэж эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!
Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, албан хаагчид аа!
Хилийн чанадад энхийг дэмжих үүрэг гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нар аа!
Монгол Улсынхаа Зэвсэгт хүчний дайчин түүхийг өртөөлөн Монгол цэргийн дайчин уламжлалыг өвлөн үргэлжлүүлж буй Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Эх нутаг, газар шороо, элгэн саднаа харийн түрэмгийлэгчдээс хамгаалан, Төр түмний итгэл, найдварыг хүлээж эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах өндөр хариуцлага, нэр төртэй үүргийг гүйцэтгэж, түүнд ухамсарт амьдрал, бие сэтгэл, эрдэм чадвараа бүрэн зориулсан үе үеийн дайчдын гавъяат үйлсийг баярын энэ өдөр хүндэтгэн дурсахад таатай байна.
1911 оны Үндэсний эрх чөлөөний тэмцэл, 1921 оны Ардын хувьсгалын ялалт, Халхын голын 1939 оны байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, Улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралтын ялалт, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд Монгол цэрэг түүхэн үүрэг гүйцэтгэсэн гавъяатай билээ.
Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх үйл хэрэг, Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд Зэвсэгт хүчний дайчид, цэргийн багийн бүрэлдэхүүн түүхэн үүрэг гүйцэтгэж, дэлхий дахинаа нэр алдраа мандуулж байгаа нь Монгол цэргийн дайчин уламжлалын илэрхийлэл, Монголын ард түмний бахархал болж байна.
Энэ жил Эх орны дайны ялалтын 70, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиож байгаа онцлогтой жил билээ.
Батлан хамгаалах зорилтыг улс төр, дипломатын арга хэрэгслээр хангах зарчмыг тууштай баримтлан бүс нутагт цэргийн итгэлцлэлийг бэхжүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг дэмжих, олон улсын бусад ажиллагаанд идэвхитэй оролцох бодлогыг үргэлжлүүлж, батлан хамгаалах тогтолцоо, зэвсэгт хүчний байгуулалтыг шинэчлэх бодлогыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар байнга дэмжин ажиллах болно.
Монгол цэргийн золбоо хийморь үеийн үед мандан бадрах болтугай.