1991 оны наймдугаар сарын 04-нд ОХУ-ын Агийн Буриадын тойрогт Цыденжапов буюу Цэдэнжавын гэр бүл хүү охин хоёр ихэр үртэй болсон ба бүстэйд нь Алдар, бүсгүйд нь Арюна буюу Ариунаа хэмээх нэр өгчээ.
Алдар хүү өсөн торниж төрөлх хотдоо ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж эрийн цээнд хүрэн 2009 онд цэргийн албанд татагдсан байна. Улмаар Номхон далайн флотын харьяа Фокино хот дахь тэнгисийн цэргийн ангид хуваарилагдсан байна.
Байгал нуурын эрэгт өссөн буриад хүүгийн хувьд усан цэрэг болох нь нэр төрийн хэрэг байжээ. 2010 оны есдүгээр сарын 24-ний өглөө түүний алба хааж байсан Номхон далайн флотын байлдааны усан онгоц Камчатк руу хөдөлжээ.
Замд явж байх үед байлдааны усан онгоцны түлш дамжуулагчийн холбоос утсанд богино холбоо үүссэний улмаас хоромхон зуурт асар их гал дүрэлзсэн байна. Тухайн үед уурын зуухны жижүүр хийж байсан Алдар богино холболт үүссэн цахилгааны утсыг аюулгүй болгох гэтэл урдаас нь дүрэлзсэн их гал тосож байв. Гал маш хурдтайгаар газар авч байсан тул юу юугүй онгоцны түлшний савны бусад холбоосыг хайлуулж дэлбэрэх аюул нүүрлэлээ.
Энэ үед Алдар мөчийн төдийд ч эргэлзсэнгүй улангассан гал руу шунган орж бүх холбоосыг салгаж амжлаа. Тэрээр дүрэлзсэн галын голомтонд салгах товхыг эргүүлээд гарч ирэхэд 9 секундыг зарцуулсан юм. Гэвч энэ 9 секунд түүний амь амьдралыг хэмжсэн хугацаа байлаа.Байлдааны усан онгоцны уурын зуухны хэсгээс Алдарыг гарч ирэхдээ түүний биед түлэгдээгүй газар үлдээгүй байжээ.
Хэрвээ Алдар усан онгоцны уурын зуухны галын эх сурвалжийг зөв тогтоож, аюулгүй болгоход өчүүхэн төдий хугацаа алдсан бол хэдэн зуун тонны түлш бүхий усан онгоц дэлбэрч 300 гаруй усан цэргийн амь үрэгдэх байлаа. Түүнийг Владивосток дахь Номхон далайн флотын цэргийн эмнэлэгт хүргэж ирсэн ба эмч нар буриад залуугийн амийг аврахын тулд дөрөв хоног тэмцсэн боловч 2010 оны есдүгээр сарын 28-нд Алдар Цыденжапов нас барсан юм.
Тэр ердөө ганцхан сарын дараа цэргээс халагдаж төрөлх Агийн Буриадад орших гэртээ очих байлаа. Баатарлаг явдлын дараа ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдар Батарович Цыденжаповыг ОХУ-ын Баатар цол, Алтан од одонгоор нэхэн шагнажээ. Мөн түүний хөшөөг төрөлх хотод нь босгож нэг гудамжийг түүний нэрэмжит болгожээ.