Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн дэргэдэх Ховд аймгийн оюутан залуучуудын соёл боловсролыг дэмжих төвөөс санаачилан 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Ховд лиг-2015” тэмцээн энэ сарын 19-нд Спортын төв ордонд нээлтээ хийлээ.
Энэхүү тэмцээнийг Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын Волейболын залуучуудын холбооноос хамтран зохион байгуулж байна.
Улаанбаатар хотод ажиллаж, сурч буй оюутан залуусын спортын үйл ажиллагааг дэмжих, спортоор хичээллэгчдийн тоог өсгөх, өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, цаашдаа аймаг орон нутгаа төлөөлөн мэргэжлийн лигийн тэмцээнүүдэд оролцох баг бүрдүүлэх зорилготой тус тэмцээн 2015 оны 05 сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд зөвхөн амралтын өдрүүдэд үргэлжлэн явагдах ажээ.
Ховдын залуусын лигийн тэмцээнийг Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа нээж, оролцогч баг тамирчиддаа спортын амжилт хүслээ. Мөн нээлтийн үйл ажиллагаанд Uvertura хамтлаг ая дуугаа өргөсний зэрэгцээ Ховд аймгийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Үндэсний дээд лигт тоглодог легионер тоглогчид болон дээд лигийн тамирчид Ховд аймгийн Сагсан бөмбагийн шигшээ “Алтайн Аргалиуд” багтай үзүүлэх тоглолт хийж, сонирхуулсан юм.
“Ховд лиг-2015” тэмцээнд 44 багийн 600 гаруй тамирчид оролцож 42 хоногийн хугацаанд сагс, волейволын аваргуудаа тодруулах юм.
Ц.Чанцалням