Өвөрхангайн Хужиртыг хүчит бөхчүүд, урлаг спортын олон алдартнуудаас гадна халуун рашаан, шавраар нь хэн хүнгүй мэднэ. Сүүлийн үед ууц нураагаар өвдөж, мэдрэлийн ядаргаа гэсэн онош тавиулсан надад хамгийн хэрэгтэй эмчилгээ тэнд байгааг эмч зөвлөсөн юм. Зун, намрын цагт “Илгээх карт” /хуучнаар почонк/ олдоггүй учраас эртхэн шиг амарчих санаатай, басчиг хурдхан эрүүл болохын хүслэн болон хүн Хужиртын рашаан сувилалтай холбогдлоо. Гэтэл “Илгээх карт” авч өрхийн эмнэлгээс аваад 3-4 төрлийн тамга даруулах шаардлагатайг зөвлөв. Өрхийн эмнэлэг дээрээ очтол Хужиртын илгээх картыг өмнөх сар нь урьдчилж захиалдаг учраас байхгүй гэв. Ингээд арга мухардсан ч очоод гуйвал амьд хүн аргатай, ганц өрөө олдож мэдэх юм гэсэн хоосон найдлагатайгаар Хужирт руу зориглон гарсан юм. Хэрэв очоод амралт бүтэхгүй бол ганц өдөр салхинд гарчихаад ирье гэж бодсон хэрэг л дээ.
Улаанбаатараас гараад таван цаг гаруй засмалаар давхисаар Хужирт суманд ирж “Хужирт рашаан сувилал” гэсэн улаан хаягтай хаалгаар оров. Үүдэнд очоод амрах гэж яваагаа хэлэн учир байдлаа тайлбарлатал “Илгээх карт”-гүй хүнийг хүлээн авах боломжгүй гэлээ. Над шиг илгээх картгүй ирсэн хүн хоногийн 40000 төгрөг дээрээ илгээх картгүй ирсэн торгууль болох 11000 нэмээд нийтдээ 51000 мянган төгрөгөөр амарч болох үгс цухалзав. Гэр бүлээрээ очсон надад арай л чанга төлбөр байлаа. Эргэлзэж зогстол сувиллын үүдэнд хоол зардаг хүн шинээр нэг сувилал нээгдэж байгааг дуулгасан юм. Тэндээс холгүйхэн шинэхэн баригдсан нэг давхар байшин харагдаж байв. “Сэмжид Хужирт” гэсэн хаягтай хаалгаар яваад ортол биднийг залуухан эмч хүүхэн тосон уулзлаа. Шинээр дөнгөж нээгдэж байгаа бололтой, энд тэндгүй л гүйлдсэн хүмүүс, завгүй ажилчид харагдана. Эмч хүүхэн биднийг дагуулаад сувиллаа танилцуулав. Гал тогоондоо дагуулж ороод биднийг ногоотой шөлөөр дайлж, хоолныхоо амт чанарыг сонирхуулсан юм.
“Сэмжид Хужирт” рашаан сувилал нь арваад жилийн өмнө байгуулагджээ. Зуны улиралд амрагчдаа хүлээн авч байсан ч өвлийн байргүй учраас энэ өвөл ажиллаагүй байна. Харин Жайка, Хаан банкны дэмжлэгтэйгээр өнгөрсөн намар өвлийн байр барьж өргөтгэл хийсэн нь энэ. Зундаа 100 гаруй, өвөлдөө 60 орчим амрагч хүлээн авах хүчин чадалтай энэ сувилалд юм бүхэн шинэ. Өрөөнүүд нь дулаахан, дотроо ОО-той, халуун хүйтэн устай, DDsh кабелийн сувагтай, free wifi-тай гээд тав тухтай амрах бүх бололцоог хангажээ.
“Орон нутагт байшин барих үнэхээр хүнд юм. Тээврийн зардал аймшигтай. Нэг ширхэг тоосгийг хотоос 200 төгрөгөөр тээвэрлэж байна. Хоёр зуун мянган тоосго тээврлэсэн гээд бод доо. Барилга барихад орон нутгаас хүн аваад ажиллуулая гэхээр мэргэжлийн сайн хүн олдохгүй, хотоос бригад авчирхаар үнэ нь дийлдэхгүй, муу хийдэг гээд бөөн асуудал дундуур л явлаа. Гэхдээ зовлон тоочоод суугаад байлгүй боломж, чадлынхаа хэрээр зүтгэсний хүчинд өнөөдөр энэ зэрэгтэй болчихоод байна. Шинээр эхэлж байгаа болохоор гадна талбайн тохижилт зэрэг хийх ажил их л байна. Манай эрүүл мэндийн салбар хоцрогдмол, хөшүүн. Бид ирж байгаа хүмүүсээ ямар ч стресгүй сайхан сувилуулаад явах бүх л нөхцлөөр нь хангах ёстой. Үйлчлүүлэгчидтэйгээ амьд харилцаа үүсгэж тэднийг сонсож, ажилдаа тусгаж байх ёстой. Үүний тулд хичээж ажиллаж байна” гэж захирал А.Бямбасүрэн ярьж байлаа.
Эднийд амрахад дунджаар хоногийн 33,000 төгрөг. Таалагдаж байвал манайд амраарай гэж эмчийг хэлэхээс өмнө би хэдийнэ шийдвэрээ гаргачихсан, баяртай зогсч байсан юм. Ингээд л шинэхэн сувилалд тухлаад авсан даа. Өглөөд 09.00 цагт каш, 11.00 цагт үзэмний шүүс, 13.00 цагт 1, 2-р хоол, 19.00 цагт 2-р хоол гэх мэтээр өдрийн таван удаа хооллоно. Өнөөх мэдрэлийн ядаргаа, нурууны өвчиндөө таарсан физик эмчилгээ хийлгэж, өдөр бүр халуун шаварт орж, бариа хийлгэж байв. Бие маань мэдэгдэхүйц сайжирч, нойр хоолондоо сайн болж, үнэхээр сайхан амралт байлаа.
Намайг амарч байхад 30 гаруй амрагчтай байв. Бүгдээрээ ам сайтай, дахин ирж амарна, ирэхдээ үр хүүхдээ, аав ээжийгээ, найз нөхдөө дагуулж авчирна гэсэн сэтгэгдэлтэй байлаа. Удирдлагууд нь залуу хүмүүс гэсэндээ цаанаа л нэг өөр. Харилцаа, үйлчилгээ, эмчилгээ, тав тух гээд бүх зүйлд анхаарна. Энд ямар ч чирэгдэл байхгүй нь сайхан. Ерөөсөө дарга цэрэг гэхгүй л ажилчидтайгаа зэрэгцээл хамаг ажлаа хийгээд явчих жишээний, үнэхээр сэтгэл, зүтгэл үнэртэж байсныг хэлэх хэрэгтэй байх. Сэтгүүлч хүний хувьд илүү дутууд дурлаж, сонирхож судалж ярьж хөөрч явахдаа нэлээд хэдэн онцлог зүйл эднийхээс олж харсан юм. Яг рашааны ундарганы дэргэд байрладаг учир түгээлт, дамжуулалт гэсэн дамжлагагүй. Бусад эмнэлэг сувилал шиг амралтын өдрөөр амрахгүй. Бямба, ням гаригт ч бүх эмчилгээ хийгддэг юм билээ. Энд зэрэгцэн ажиллаж байгаа төрийн, хувийн хоёр сувиллаасаа үнэ төлбөрийн хувьд хямд хэрнээ үйлчилгээ, эмчилгээ илүү сайтай. Нэг ч өдөр амрахгүй ажиллана гэдэг хэцүү бишүү гэж асуухад ерөнхий эмч О.Цэцэгбал “Мэдээж ар гэр үр хүүхэд хаягдаад хэцүү л дээ. Гэхдээ тэр хэцүү нь бидний л асуудал. Холоос ирж байгаа та нарт нэг өдөр ч гэсэн эмчилгээгээ таслахгүй хийлгээд явах нь хэрэгтэй шүү дээ. Манайх эмчилгээ үйлчилгээгээрээ бусдаас ямагт давуу байхын тулд хичээж ажиллах болно” гэж байв. Амрагчдаа боддог зөв бодол, сэтгэлтэй залуус юм даа гэх бодол төрсөн юм.
Хужиртын халуун рашаанаар үе мөчний өвчин, түнхний мултрал, түнхний дутуу хөгжил, нуруу нугасны гэмтэл, хагалгааны дараах үлдэц, ясны бороололт, удаашралт зэрэг тулгуур хөдөлгөөний эрхтний өвчнүүд, нуруу нугасны саа, саажилт, нойргүйдэл, ядаргаа, шээс задгайрах, цистит, мэдрэлийн системийн өвчнүүд, хагалгааны дараах наалдац, эмэгтэйчүүдийн үргүйдэл, үр дамжуулах хоолойн үрэвсэл, түрүү булчирхайн архаг үрэвсэл зэрэг эмэгтэйчүүдийн өвчнүүд, намарс, хайрст үлд зэрэг харшлын болон мэдрэлийн гаралтай арьсны зарим өвчнүүдийг эмчилдэг. Тэр дундаа нурууны өвчинд онцгой сайн гэдэг. Мөн эдний эмчилгээний хүчин зүйлийн нэг бол лаг хар шавар юм билээ. Эмчилгээг шавраар, рашаанаар, зүүгээр, бариа заслаар, мөн физик эмчилгээний аргаар давхар хийдэг учраас үр дүн сайтай. Ер нь Хужиртын халуун рашаан юунд сайн, ямар үр дүнтэйг хүмүүс сайн мэднэ. Харин энэ байгалийн сайхан бэлгийг тав тухтай орчинд, найрсаг үйлчилгээтэй хамт олноос өндөр түвшинд хүртэнэ гэдэг бүр сайхан.
“Энэ хоёр залууг өмнө нь төрийн өмчийн сувилалд удирдах алба хашдаг байснаар нь сайн мэднэ. Одоо ингээд бие даагаад шинэ сувилал нээж байгаад нь олзуурхаад анхны амрагч нь болоод ирж сувилуулж байна. Цаашид ч олон удаа ирэх байх.Энд амарч байгаа биднээс үргэлж л одоо яахуу, юу хэрэгтэй байна гэж асууж байдаг.Цайны давс нь болж байна уу гэх жишээний. Эрвийх дэрвийхээрээ л үйлчилж байна даа.Юм хийж байгаа бидний үр хүүхэд шиг залуустаа амжил хүсье” гэж амрагч өвөө Д.Балдан-Очир хуучилж байв.
Бид хотод 5000 төгрөгөөр нэг л хоол авч иддэг. Гэтэл “Сэмжид Хужирт” сувилалд 33000 төгрөг төлөөд тав тухтай байранд нь байрлаад, амьдраад, эмчилгээ хийлгээд, таван удаа хоол цай идээд, агаар салхинд сайхан амраад, биеэ эмчлүүлээд авна гэхээр үнэхээр сэтгэл ханамжтай байлаа. “Сэмжид Хужирт” сувилалд амрахын тулд заавал илгээх карт авах шаардлагагүй. Ердөө тэдэнтэй утсаар холбоо бариад, биеийн байдал, эмчийн дүгнэлт, рашаан, шаварт орж болох эсэхээ лавлахад л болох юм билээ. Өнөө үед харилцаа холбоо өргөжиж, үйлчилгээ цагийн зүүтэй өрсөн хурдалж байхад өрхийн эмнэлэгт сарын өмнө захиалж, хэдэн төрлийн тамга даруулж цаг заваа барж байхаар, 70325969, 88021191 утаснууд руу ганц утасдаад л шийдчихнэ. Сайхан амрахад ийм л амархан болж дээ. Эдийн засаг хямралтай, улс орон хэцүү байгаа энэ үед хөдөө орон нутагт шинэ сувилал байгуулагдаж, зорин очсон амрагчиддаа сэтгэл хангалуун үйлчилж байгааг харах сайхан байлаа. Сайн сайхан зүйлийг бусадтай хуваалцах бүр сайхан.
Х.Монголхатан