Өнгөрсөн амралтын өдөр нутгийн ихэнх хэсгээр их хэмжээний цас орж, зам даваа түгжрэн зарим аймгууд онцгой байдал зарласан байна. Эх орны баруун хязгаар Увс аймагт их хэмжээний цас орж, зам даваа хаагдан, малчид цасанд боогдох хүртэл нөхцөл байдал үүсч, аймгаас онцгой байдал зарлан, малчдад өвс тэжээл, тусламж хүргэх ажил ундарчээ.
Энэ үеэр Малчин суманд хаваржаандаа буусан нэг айлын 4 хүний амь насыг шөнөжин цас малтаж очиж аварсан байна. Учрыг тодруулбал нэг залуу, нэг настай хөгшин, нэг сартай хүүхэдтэй эмэгтэй их цасанд боогдон түлэх түлшгүй болж гэрийнхээ унийг түлж, осгож үхэхийн даваанд байхад Увс аймгийн төв Улаангом хотоос гарсан 5 залуу шөнөжин цас малтаж, тус айлд очиж чаджээ. Улмаар тус гэр бүлийг авч өглөөний 09 цаг гэхэд Улаангомд ирж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж чаджээ.
Цаашдаа ч нутгийн зарим хэсгээр цас орох төлөвтэй байгааг УЦУОША-наас анхаарууллаа.
2015 оны 4 дүгээр сарын 07-ноос 4 дүгээр сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
7-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 8-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас, 10-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Салхи 7-8-нд зүүн зүгийн нутгаар, 10-нд баруун болон төвийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
Г.Эрдэм