Парламентэд 2000 оноос хойш дараалан 3 удаа сонгогдож байсан Л.Гүндалай сүүлийн үед “хэвлэлийн бай” болоод байгаа билээ. Тэрбээр өмнө нь төрөлх Хөвсгөл аймгаасаа УИХ-д сонгогдож байсан бол энэ удаад Эрдэнэт хот буюу Орхон аймгаас сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд буй.
2005 онд “Ард түмний нам” байгуулж явсан эл эрхэм өнөөдөр “Ард түмнээ хайрлая нам”-ыг шинээр байгуулахаар болсноо олон нийтэд зарлан тунхаглав. Тэрбээр өнөөдрийн эрх баригч нам, улс төрийн хүчин Монголын ард түмнийг ядуурал, эдийн засгийн хүндрэлтэй гацаанаас гаргаж чадахгүй байгаа учраас Европ чиг хандлагатай ч Монголын онцлогт тохирсон бодлоготой цоо шинэ нам байгуулж буйгаа өнөөдөр мэдэгдсэн юм.
“Ард түмнээ хайрлая нам” нь их өөрчлөлт их үйлсийг хамтдаа бүтээе уриатай бөгөөд нийгмийн баримжаатай, зах зээлийн эдийн засгийн бодлогыг баримтлах гэнэ.
Шинэ нам байгуулж байгаагаа тэрбээр “Би 10 жилийн өмнөхөөс өөр хүн болсон” гэж тайлбарлав.
Л.Гүндалайтай хэвлэлийн бага хурлын дараахан цөөн асуултанд тодруулга авлаа.
-“Ард түмнээ хайрлая” гэдэг шинэ нам байгуулахаа мэдэгдлээ. Яагаад ийм нэртэй шинэ нам байгуулав болов?
-Өнөөдөр ард түмэндээ ээлтэй бодлого алга байна. Ард түмнийг хөсөр хаяад, туйлдуулж байна. Монгол нутгийн бүхий л баялаг, нөөц бололцоо, газар шороо чинь ард түмний өмч юм. Энэ бүхнийг ард түмэндээ зориулах ёстой. Өнөөдөр ажилгүйдэл, ядуурал маш их байна. Олдсон нэг насны амьдралаа ядуу тарчиг, зовлон зүдгүүртэй өнгөрөөх харамсалтай хэрэг биз дээ. Ард түмэн хайраар дутагдаад, төрд ард түмнээ гэсэн сэтгэл зүрх байхгүй учраас ард түмэндээ хайртай ээлтэй бодлого явуулья гэж зорьсон. Ингэж байж ард түмэн маань нэг олдох амьдралдаа хүн шиг амьдарч, төрж өссөн Монгол орондоо эзэн нь байж чадна. Ийм учраас “Ард түмнээ хайрлая” гэдэг нэрийг намдаа зориуд өгч байгаа юм.
-Улсын дээд шүүхэд шинээр нам байгуулах маш олон өргөдөл хүсэлт очдог хэдий ч одоо болтол баталгаажуулагдаагүй нь ч бий. Танай нам хэдийгээр өргөдлөө өгөх бололцоотой гэж үзэж байна вэ?
-Аливаа улс төрийн намыг байгуулахад улс төрийн намын тухай, иргэний бүртгэл мэдээллийн тухай хууль, баримт бичгүүдийг ягштал биелүүлж байж намаа бүртгүүлэх ёстой. Аливаа улс төрийн үзэл санаа, ард түмнийг лидер хүн дагуулдаг юм. Жирийн иргэн үзэл санаа яриад, бодлого боловсруулаад хэрэгжүүлэх гэхэд ард түмэн, олон нийт дэмждэггүй. Ганцхан лидер хүн олон түмнийг дагуулдаг. Өнөөдөр Л.Гүндалай олон түмэнд танигдсан лидер хүн учраас Эрдэнэтэд очоод намаа байгуулаад шинэ гишүүн элсүүлье гэхэд цаг агаарын эрсдлийг үл ажран 400 гаруй хүн ирж гишүүнээр элсэж байна.
-Та Хөвсгөлөөс биш Эрдэнэтээс УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон шалтгаанаа тайлбарлаж болох уу?
-Би Хөвсгөл аймгаас нэр дэвшиж болох байсан. Хөвсгөл аймагт миний нэр хүнд тийм ч айхтар муу биш. Дахиад очиход Хөвсгөлчүүд маань “Гүндалайгаа гомдоогоод явуулчихсан юм. Энэ удаад дэмжье” гэх хүн олон байгаа байх. Гэхдээ би намын даргын хувьд, шинэ нам үүсгэн байгуулж байгаагийн хувьд Эрдэнэтэд нэр дэвшье гэж шийдсэн. Эрдэнэт нь ажиллахад хялбар, ойрхон, төвлөрсөн, хүмүүс нь нэг дор байдаг газар. Шинэ намын маань эхлэл нь Эрдэнэтэд тавигдсан боловч үйл ажиллагаа нь Монгол орон даяар явагдана.
-2016 оны сонгуулиар танай намаас УИХ-д суудал авч чадна гэдэгтээ хэр итгэлтэй байгаа вэ?
-Маш олон суудал авна гэж бодож байгаа. Намаа албан ёсоор байгуулсны дараа бодлогоо ард олонд танилцуулна. Ер нь улс төрийн бодлогоор энэ төрийн бодлогыг өөрчлөнө. Нам байгуулагдаад тэр нам нь УИХ-д олонх болж байж тэр намын бодлого төрийн бодлого болж хэрэгжих учиртай. Бие даах эсвэл хэдэн хүн нийлээд амжилтанд хүрсэн онол, практик аль аль нь дэлхийд байхгүй. Тиймээс аль нэг намаар дамжиж тэр намын бодлого төрийн бодлого болж хэрэгжинэ. Тиймээс Монголд энэ ард түмнийхээ итгэлийг дааж чадах, ажиллаж чадах нам, улс төрийн хүчин хэрэгтэй байгаа юм. Тэр нам нь манай нам байх болно гэдэгт би итгэлтэй байна.
-Тэгвэл танай намын боловсон хүчин ямар байх вэ? Та С.Ганбаатар гишүүнийг намдаа элсэхийг гуйсан талаар яриа дэгдсэн. Энэ үнэн үү?
–Би С.Ганбаатар гишүүнийг гуйгаагүй. Ер нь хэнийг ч гуйгаагүй. Хуучин Ард түмний намд элссэн гишүүд эргэн ирж байгаа. Намаа албан ёсоор байгуулсны дараа хэн хэнтэй нэгдэх талаар илүү тодорхой мэдээлэл өгнө.
–Таныг Зайсангийн чиглэлд хууль бусаар газар олгосон асуудалтай холбоотой гэж яригдаад байгаа. Тайлбар хийх үү?
–Зайсан газар дээрэмдсэн, булаасан гэх мэтийн мэдээлэл намайг илт гүжирдсэн, гүтгэсэн мэдээлэл юм. Энэ талаар мэдээлэл цацсан хүмүүсийг шүүхэд өгсөн байгаа.
-Та түрүүнд хэлсэн үгэндээ “би 10 жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн” гэсэн. Таны үзэл санаанд тийм том өөрчлөлт орсон уу?
-10 жилийн өмнөх бүх зүйлс өөрчлөгдсөн. 10 жилийн өмнөх Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. 10 жилийн өмнө би 40 настай байсан бол одоо 50 нас хүрч байна. Өнгөрсөн хугацаанд маш олон зүйл мэдэж авсан. Сайн, муу туршлага хуримтлуулсан. 10 жилийн өмнөх Л.Гүндалай одоогийн Л.Гүндалай 2 өөрчлөгдсөн шүү.
Ярилцсан: Г.Эрдэм