Өрхийн аж ахуйн зориулалттай төмс, хүнсний ногооны техникийг танилцуулах өдөрлөг өнгөрсөн баасан гаригт Сонгинохайрхан дүүргийн Эх булгийн адаг гэдэг газарт боллоо. Өдөрлөгт ХХААЯ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, “Мөнх ногоон тал” компани болон тариаланчид оролцсон юм. Тус арга хэмжээг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтын хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, өөрийн өртгийг бууруулж, ашиг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг механикжуулж, тариалалтыг нэмэгдүүлэн хүнсний ногооны хэрэгцээг дотооддоо бүрэн хангадаг болох” зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх, чадварыг дээшлүүлэх, өөрийн өртгийг бууруулж, ашгийг нэмэх, ногоочдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн хүнсний ногоон тариалалтыг механикжуулахад анхаарч ажиллажээ. Тиймээс бага оврын трактор, түүнд нийцсэн чиргүүл, дүүжин машиныг нийлүүлж хөнгөлөлттэй нөхцөл, зээлээр олгож буй юм. Мөн Японы Засгийн газрын “Бага орлоготой тариаланч фермерүүдийг дэмжих КР-2 хуримтлалын сан”-гийн хөрөнгөөр хүлэмжийн болон өрхийн тариалангийн зориулалттай техникийг худалдан авч үнийг нь 80 хүртэл хувь хөнгөлж ногоочдод олгож байгаа тухай албаныхан хэллээ. Тухайлбал, Солонгос улсын SH-04TR маркийн үрлүүр нь 3282564 төгрөгийн үнэтэй бөгөөд 708004 төгрөгийн урьдчилгаа төлөн дөрвөн жилийн хугацаатай зээлээр худалдаж авах боломжтой юм.
Одоогоор 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 239 ширхэг иж бүрдэл техникээс 110 нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан худалдаж байна. Ингэснээр 1000 гаруй иргэд механикжсан аргаар тариалан эрхлэх боломж бүрдэж буй юм. Энэ нь хурааж авах ургацын чанар, хэмжээ өсч дотоодын хэрэгцээг хангахад томоохон түлхэц болно хэмээн албаныхан онцолж байлаа. Харин өрхийн аж ахуй эрхлэгч ногоочид дэвшилтэт техник, технологи нэвтэрч байгаа нь хөдөлмөрөө хорших нөхцөл сайжирна гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байв.
Дээрх иж бүрдэл техниз нь 13 хүнтэй багийн гурван өдөр хийх ажлыг 2 цагийн дотор гүйцэтгэх боломжтой аж. Түүнчлэн техникийн эвдрэл, гэмтлийг “Мөнх ногоон тал” компанийнхан засварлах нь. Ийнхүү засварлахдаа зах зээлийн үнээр сэлбэгээ худалдана гэдгээ компанийнхан хэлэв.