Тавантолгойн гэрээ гэж гурван өөр гэрээ урган гарч ирэв. Нэг нь хоёрдугаар сард байсан гэрээ, нөгөө нь дөрөвдүгээр сарын 3-ны өдөр, тэгээд дөрөвдүгээр сарын 6-нд гэхчлэн гэрээ “ургажээ”. Гэрээг УИХ-ын дарга нэхэж байж авсанаа нэгдсэн чуулган дээр хэлж байсан. Харин яг гарын үсэг зурахаар бэлтгэж байсан гэрээ нь Хууль зүйн яам, Гадаад хэргийн яаманд хүргүүлснээс зөрүүтэй байгаа нь бүр ч таагүй, хардах сэжим төрүүлэхэд хүргэв.
Гэрээ бүр гурван салаа “мөчиртэй”. Хамтын ажиллагааны, Хөрөнгө оруулалтын, Төмөр замын концессийн гэсэн гурван салбар гэрээ нийлээд Тавантолгойн ордын хувь заяаг шийдэх болж байна. “Гэрээний хугацаа 30 жил, хөрөнгө оруулалтаа нөхөөгүй бол нөхөх хүртэл хугацаагаар гэрээг сунгана” гэсэн заалт монгол хүн бүрийн дургүйцлийг төрүүлж байна. Хэзээ нөхөх юм бэ, нөхөхгүй бол хугацаа заагаагүй учраас гарын үсгээр гэрээг баталгаажуулсан цагаас эхлээд цаг тооллын хязгааргүйгээр хөрөнгө оруулагчид эзэмших нь хэнд ч аюултай санагдах аж. Хэзээ ямар хөрөнгө оруулалт хийх, экспортод гаргах хэмжээ, борлуулах үнэ зэрэг эдийн засгийн үзүүлэлт зэргийг зөвхөн тухайн компани өөрсдийн үзэмжээр шийджээ. Гэхдээ “болж өгвөл хөрөнгө оруулалтаа нөхөхгүй байвал тун зүгээр” гэсэн логик ажиглагдах аж. Монголын Засгийн газрын тал зөвхөн “хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах” л үүрэг хүлээж байна. Ганц “лоозон” болсон дөрвөн тэрбум ам.доллароосоо хүртэл хүссэн үедээ эргэж буцах нөхцөлтэй. Тэр тусмаа дөрвөн тэрбум ам.доллар дотор Ухаа худагийн ордыг ашигладаг “Энержи ресурс”-ын хөрөнгийг нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтод тооцно гэж “тулгасан” гээд бод доо. Ядаж л увуулж цувуулах, ямар нэг шалтаг заагаад бууруулах эрхтэй. Гэхдээ нэмэхгүй нь тодорхой шүү дээ. Хэчнээн сайн хөрөнгө оруулагч ч Монголыг хөгжүүлэх гэж ирдэггүй гэдэг биз.
Цаашилбал “Эрдэнэс Тавантолгой” компаниас зөвшөөрөл авч байж Тавантолгойн орд газрын нутаг дэвсгэрт нэвтэрнэ…Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2-т заасны дагуу төмөр замыг нь “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид өмчлүүлэхээр заасан. Үүний дагуу ҮАБЗ хуралдан 2010 оны 35/32 тоот зөвлөмжөө гаргасан, түүнийг нь Засгийн газрын 121 дүгээр тогтоолоор бататгасан байдаг. Тиймээс Концессийн гэрээг байгуулах эрхийг консорциумд өгсөн тохиолдолд дээрх хууль тогтоомж, ҮАБЗ-ийн зөвлөмж тэргүүтэн зөрчигдөнө. Тэдгээрийг өөрчлөөд бол гэрээгээ байгуулж болно, гэхдээ хожил тун бага байгаа биз. “Арван жилд хоёр тэрбум ам.долларын ялгаатай ажиллах уу, эсвэл 200 сая ам.доллараар тэр ашигаа арилжих уу” гэдэг сонголтоо хийх дээр хүрээд байна гэдгийг А.Гансүх зөвлөх өчигдрийн ярилцлагаараа тодорхой хэлчихлээ.
Нөгөөтэйгүүр, өнгөрсөн таван жилийн хугацаанд ямар нэг нөхцөл байдал өөрчлөгдөөгүй бол Ерөнхийлөгч өөрийн батламжилсан ҮАБЗ-ийн зөвлөмжийг зөрчин уралдаант шалгаруулалт явуулсан байдалд тайлбар хийх, хэрэв өөрчлөгдсөн бол зөвлөмжөө цуцлахгүй бол уралдаант шалгаруулалт ч, түүнд ялсан гэх консорциум ч төмөр замыг концессоор эзэмших ямар нэг эрх зүйн үндэслэлгүй, чадамжгүй гэдгийг хатуухан мэдэгдсэн юм.
Гэрээнд заасан өнөөх олборлолт, борлуулалт, үнэ тогтоох зэрэг бүх эрхээ алдсан ч ядаж тээвэрлэлтийн эрхээ Монголын тал алдахгүй юмсан. Энэ талаар ялангуяа тодорхой хууль тогтоомжийг зөрчин байж “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн эрхийг Тавантолгойн ордын гэрээг байгуулах ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан булаан авч хөрөнгө оруулагчдын талд өгөхгүй байх гэж найдаж байна. Өгсөн мэтээр эдүгээ харагдаж буй ч тэрхүү буруу шийдвэрээсээ буцаасай. Нөгөөтэйгүүр Монголын Засгийн газарт Хятадын талтай дундаа зөвлөхтэй байхаас өөр гарцгүй байсан гэж үү гэхээс дэндүү харамсах юм даа…
Б.Сондор
Эх сурвалж: zaluu.com