Газар тариалангийн бүс нутгуудад ХХАА-н яамнаас тариаланчдын зөвлөгөөнийг зохион байгуулж тэдэнд тулгамдаж байгаа болон шийдвэрлэх ёстой асуудалтай газар дээр нь танилцаж байгаа билээ. Хөвсгөл аймгийн тариаланчдын зөвлөгөөнд ХХАА-н дэд сайд Б.Батзориг оролцож, үр тарианы чанарт хэрхэн анхаарлаа хандуулах хийгээд тулгамдаж байгаа асуудал юу байгааг нь сонсож, зөвлөлдлөө.
Хөвсгөл аймгийн хувьд өнгөрсөн жилийн тариалалтаасаа эхлээд аймгийнхаа хүн амын гурилын хэрэгцээг 100 хувь өөрсдөө хангах боломжтой болсон байна. Энэ жилийн тухайд үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 60 гаруй аж ахуй нэгж, иргэд 13,8 мянган га-д тариалалт хийхээр зорьж байна. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэл ихээхэн нэмэгдэж, дотоодын хэрэгцээт буудай, төмс 100 хувь, хүнсний ногоо 70 гаруй хувиар хангаж чадаж байгаа ч цаашид газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байгааг тариаланчид онцолсон. Ялангуяа байгаль цаг уур, улирлын онцлогоос хамаарсан энэ салбарт төрөөс тогтвортой бодлогоор дэмжих хэрэгтэйг тэд хэлж байна.
ХХАА-н дэд сайд Б.Батзориг “2003-2015 он хүртэлх ХХАА-н салбарт Төрөөс баримтлах бодлого зөв зүйтэй байсны ачаар энэ салбар сэргэж тодорхой амжилтад хүрсэн. Энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэж тун удахгүй батлагдах гэж байгаа салбарын хөгжлийн бодлогын баримт бичгийн гол агуулга бол газар тариалангийн үйлдвэрлэлийн хөгжлийг шинжлэх ухаанчаар тогтвортой, чанар үр ашиг өндөр байлгах арга замын тухай гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл бид тарьж чадлаа, үйлдвэрлэж чадлаа, одоо яаж чанаржуулах ёстой вэ гэдэгт бүгдээрээ анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн үг. Бид одоо сортын сорилтдоо анхаарах цаг ирж. Эрт ургацын шинэ сорт гаргаж ирж тариалах шаардлага байна. Ялангуяа хөвсгөлийн тариаланчид цаг уурын онцлогтоо тохирсон эрт болцтой чанар сайтай үр тариалах арга замыг байнга эрж хайх нь зайлшгүй хийх ёстой ажил болж байгааг та бүхэн мэдэж байгаа. Төрөөс үзүүлж байгаа дэмжлэг туслалцаа олон хэлбэрээр, цаашид ч бодлогоороо үргэлжлээд явна. Хамгийн чухал нь төр засаг, тариаланчид, үйлдвэрлэгчид цаашдын хөгжлийн зорилгоо чиг болгоод хамтран салбараа хөгжүүлэх чухал үе ирээд байна” хэмээн онцоллоо