Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдлын талаар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа.
Хуралдаанаар 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдал болон “Би Жи Би Жи” компанид газэр эзэмших эрхийг хэрхэн олгосон талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Мэргэжлийн хяналтын газар мэдээлэл өглөө.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 давхар орон сууцны 16 дугаар байранд амьдардаг 49 өрхийн 244 иргэнийг Засгийн газрын 2011 оны 340 дугаар тогтоолын дагуу нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 6 зочид буудалд нийт 178 иргэнийг байрлуулсан байна. Одоогийн байдлаар Нийслэлийн Онцгой байдлын комиссын даргын тушаалаар шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа юм.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 13 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа бөгөөд урьдчилан гаргасан дүгнэлтээр 16 дугаар орон сууцны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй. Харин тус байр нь баруун тийшээ буюу нүх ухсан талын эсрэг чиглэлд 4 см-ийн хазайлттай байгаа нь анхнаасаа ингэж баригдсан эсвэл ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй. Одоогоор тус байрны хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийг яаралтай хийсний дараа оршин суугчдыг орон сууцанд нь оруулах боломжтой болно гэжээ. Мэргэжлийн байгууллагын тус дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс ажлын зургийн даалгаврыг боловсруулах ажлыг хийж, гүйцэтгэж байна.
16 дугаар орон сууцны зүүн талд барилгын ажил гүйцэтгэх нэрийдлээр нүх ухсан “Би Жи Би Жи”компанид газар эзэмших эрх хэрхэн олгосон тухайд:
- Анх 1998 онд Нийслэлийн Засаг даргын А/117 дугаар захирамжаар “Хэмнэлт-Орчлон” ХЭАА-д 2000 м2 гаражийн барилгын зориулалтаар газар эзэмших эрх олгож, тус газар гаражийн барилга барьж иргэдэд худалджээ.
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Т.Билэгтийн 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 349 дүгээр захирамжаар “Эн Эс Ар” ХХК-д гараж, үйлчилгээний зориулалтаар 3000 м2 газар олгож, тус оны 565 дугаар захирамжаар “Би Жи Би Жи” ХХК-д нэр шилжүүлсэн байна.
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын 2011 оны 06 сарын 16-ны өдрийн НЗД-ын 470 тоот эзмшил газрын зориулалт өөрчилж, барилга барих захирамжаар 1000 м2 газарт үйлчилгээтэй орон сууц барих эрх олгожээ. Тус газрын эзэмших эрхийг 2014 оны 115 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар сунгасан байна.
Харин тус компанид барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 29/2014 дүгээр тушаалаар олгожээ.
Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл олгосон нь Нийслэлийн ИТХ-ын 2014 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын холбогдох заалтуудыг зөрчсөн бөгөөд НЗД-ын захирамжаар эзэмшүүлсэн газрын хэмжээ, заагдсан барилгын шугамын хэмжээнээс хэтрүүлэн нүх ухсан нь өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгожээ.
Хуралдаанд оролцсон “Би Жи Би Жи” ХХК-ийн менежер н.Ганбат үүссэн нөхцөл байдалд тус компанийн зүгээс хариуцлага хүлээж, холбогдох бүх зардлыг гаргана гэдгээ хэллээ.
Тус газарт геодизийн зураг гаргаж, барилгын улаан шугам тогтоосон геодиз, зураг төслийн компани, Эзэмшүүлсэн хэмжээнээс хэтрүүлэн нүх ухаж ойролцоох орон сууц, барилгуудыг эрсдэлд оруулсан “Би Жи Би Жи” ХХК, Эдгээр газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй холбогдох эрх бүхий албан тушаалтныг тогтоож хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахыг үүрэгдлээ. Мөн тус захирамжинд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтийг үндэслэн цаашид авах арга хэмжээ буюу хөрсийг бэхжүүлэх, хүчитгэх ажлыг зохион байгуулах, хууль, журам зөрчиж барилгын ажил явуулж байгаа газруудын жагсаалт гаргах үүргийг холбогдох албаныханд өгөхөөр санал боловсруулахаар боллоо. Улмаар энэ асуудлыг ирэх пүрэв гарагийн хуралдаанаар танилцуулж, хэлэлцэхээр боллоо.
эх сурвалж: dorgio.mn