“Гурилтай бол Доржоос мах зээлээд цуйван хийх юмсан. Даанч түлээ байхгүй” гэдэг дээ. Түүнтэй адилхан төмөр замтай бол нүүрсээ зөөгөөд мөнгөтэй болох гээд байдаг. Гэтэл улс төрчид нь “чулуугаар” байлдаад шийдэлд хүрч чаддаггүй ээ. Ам бүл олонтой, амьдрал ахуй тааруухан, өрхийн тэргүүн нь өдөр хоног өнгөрөөсөн шинжтэй улс орон “Таван толгой” хэмээх баялагтай. Энэ баялагаа зараад мөнгөтэй ч больё, морьтой ч болоод машинтай (Хөгжил дэвшилтэй) уралдах хүсэл сонирхолтой. Яаж “Тавантолгой”-гоо борлуулаад тавилан заяагаа өөрчлөх бэ гэдэг бодол улс оронд тулгарчихаад байгаа учир ийн бичихэд хүрэв.
Бидэнд тулгараад байгаа гол асуудал юу юм бэ. Энгийнээр хэлэхэд нүүрс зарж мөнгө олоод үйлдвэр барих шүү дээ. Нүүрс зарахын тулд хувьцаа босгож, хууль гаргаж, төмөр зам тавьж, коксжих үйлдвэр барьж ажил удах хэрэг юу байна. Тэгээд гучин жилийн дараа ашиг олоод зэс, гангийн үйлдвэр барих юм гэнэ. Ийм зангууны үлгэр яриад байх юм бол энэ улстөрчдийн нас лав хүрэхгүй. Миний санахад 2009 онд Австралийн нэг тонн нүүрс 330 ам.долларт хүрч 250 сая тонн нүүрс Хятад, Энэтхэг, Япон, Солонгост зарсан байдаг.
Дэлхийн зах зээл кокжих нүүрсний үнэ ийнхүү галзуурч байхад бөхчүүлийн цол чимэг шиг нэрээ урт болгосон “Эрдэнэс-Таван толгой” тайван нойрсч байв. Жижиг Таван толгой нүүрс аман дээрээ 38 ам.доллар гэх хэрнээ хилийн цаана 90 ам.доллараар зарагдаж татварынхан 80 тэрбум төгрөгийн торгууль тавьж байлаа гэж. 2007-2009 онд нүүрсний зах зээл дээр үнийн тэсрэлт явагдснаас хойш уруудаж өдгөө 25-32 ам.доллараар зарахад хүрээд байгаа билээ.
2014 онд “Эрдэнэс-Таван толгой” компани 5,7 сая тонн нүүрс борлуулсан гэх дүн мэдээ бий. Хөрс хуулалт, нүүрс тээвэрлэхдээ 280 сая ам.доллар банкнаас зээлснээс гадна удирдлага нь 60 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон. Энэ компанийн удирдлага нэг бол интерполоор эрэн сурвалжлагддаг, үгүй бол 461 дүгээр хорих ангийн эмнэлгээс захидал бичдэг болчихсон юм билээ. “Эрдэнэс-Таван толгой” компани 23.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан боловч валютын ханшийн зөрүүнээс 76.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн ч гэх шиг.
Нүүрс олборлолтоороо “Энержи ресурс”, “МАК” өмнө орлоо, ирэх жил 7,3 сая тонн нүүрс гаргана ч гэх шиг. Нүүрсний үнэ унаад эхлэнгүүт “Энержи ресурс”, “МАК” компаниуд олборлолтоо багасгаад эхэлчихсэн хэрэг шүү дээ. Нүүрс зарж борлуулдаг улс орнууд экспортоо багасгаад эхлэнгүүт манайх олборлолтоо нэмээд “Хятад улсад нүүрс нийлүүлтээрээ Австралийн дараа орлоо” гэж хөөрцөглөх юм даа. Сүүлдээ бүр нүүрс борлуулаад өндөр ашиг олох нь бүү хэл өрөнд орох шинжтэй болчихлоо.
Тэгэхээр өрөнд орохгүй, улс төрчдийн шахааны бизнесээс хол байлгая гэхээр “MCS” группт өгье гэцгээв. Хятадийн тал эдийн засаг хүндэрч, чих нь зөөлөрсөн Засгийн газарт “MCS” группээр дамжуулан “Таван толгой”-г бидэнд өг гэхээ мэдэлгүй дээ. Үндэсний гэх тодотголтой компанидаа өглөө гэж бодоход “Таван толгой” маань та бидний хөгжилд хүргэх биш гучин жил өлөн амьдруулах өнгө төрх ажиглагдаад байна. Дэлхий дээр мөнгө босгох биш мөнгөтэй болох аргууд сая саяараа бий. Т.Ариунаа шиг дуучин, Ж.Оджаргал шиг бизнесмен сая саяараа бий гэдэг шиг. Мөнгө босгох 32 аргыг цааш нь түлхээд шүү.
“MCS” групп маань эхний ээлжинд төр засагт “Чалко” компанийн өрийг оролцуулаад 500-600 тэрбум төгрөг өгөх юм байна. Жилдээ бол тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэдгээ зарлачихлаа. Гэхдээ коксжсон нүүрсний үнэ 145 ам. доллар хүрвэл шүү дээ. Тэрбум ам.долларын ашиг биш борлуулалт хийсэн компани үйл ажиллагааны зардал,үстэй толгойноос их өр, хөрөнгө оруулалт зэргээ нөхөж таарна. Нөгөө япон, хятад түншүүдээ ч гар хоосон байлгаж болохгүй нь ойлгомжтой.
Тэгэхээр тогоотой хоолоо өнгийгөөд сууж байгаа төр засаг, ард түмэнд хэдий хэрийн мөнгө төгрөг үлдэх бол. Хэдээр нь бид зэс, ган хайлуулах, нефть боловсруулах үйлдвэрээ барих бол. Төмөр зам, тавдугаар цахилгаан станцаа яах болж байна. “MCS” группын санал болгож буй 500-600 тэрбум төгрөг бол ойрын хэдэн жилдээ төсвийн цоорхойг нөхөх төдий л эх үүсвэр. Түүнээс биш бүтээн байгуулалтанд шаардагдах, үйлдвэржилт хэмээх хувьсгалыг санхүүжүүлж чадахгүй нь тодорхой боллоо.
60 тэрбум ам.доллараар бүгдийг хийж болно
Яг үнэндээ бол төр засаг борлуулалт хийгээд ч, төрмөл бизнесмен ажилуулаад ч “Таван толгой” та биднийг хөгжлийн галт тэргэнд суулгахгүй нь. 600 тэрбум ам.долларын өртөгтэй энэ ордын нүүрсийг угаасан болоод (30 тонн нүүрс коксжуулахад 10 тонн хаягдал гардаг гэнэлээ) 25 ам.доллараар өнөөдрийнх шигээ зараад байвал 60 жилийн дараа улаан шороо боссон ухсан нүх л үлдэнэ. Тийм учраас “Таван толгойн”-хоо талыг буюу гурван тэрбум нүүрсээ зарах санал гаргаж байгаа юм. Мөнгө босгох биш мөнгөтэй болохоор сэтгэл шуударсан хүний үг.
Ганц Хятад гэлтгүй Энэтхэг, Африкийн улс орнуудын хөгжил коксжих нүүрсний зах зээлийг сэвхийтэл босгоод ирэх болов уу гэсэн таамгийг ОХУ, АНУ, Австралийн эдийн засагчид бичээд эхэлжээ. Гэхдээ тогоогоо өнгийсөн манайх шиг улсад бол хүлээлт, өлсгөлөн шиг хүнд хэцүү зүйл үгүй. Тийм учраас Таван толгойнхоо талыг “sale” зарлаад 20 ам.доллараар зарчихъя л даа. Шадав нь авна уу, Готов нь авна уу гэдэг шиг хятад, орос, япон хэн ч байсан яадгийм.
Том гүрнүүд наанаа тоохгүй мэт царайлавч 20 ам.доллараар зарлаа гээд зарлахад “Бирдийн сэтгэлд далай харам” гэгчээр ороод л ирнэ. Бид “Таван толгой” талыг 20 ам.доллараар зарчихвал 60 тэрбум ам.доллартай болно. 60 тэрбум ам.доллартай болчихвол ган, зэс хайлуулах, нефть боловруулах үйлдвэрээ барина. Нефть боловсруулах үйлдвэр 500 сая, тавдугаар цахилгаан станц 1,8 тэрбум ам.доллар шүү дээ. Сайншандын аж үйлдвэрийн парк цогцоороо л гэхэд 7-9 тэрбум ам.доллар гээд бод.
Ойрын арван жилдээ 60 тэрбум ам.доллараар хичнээн үйлдвэр, сургууль, цэцэрлэг,Хангарьд, Майдар гэсэн нэртэй хот бариад ч үрж барахгүй. Энүүхэндээ хэлэхэд монголчууд бид таван тэрбум ам.долларын бүтээн байгуулалт хийж үзээгүй ард түмэн шүү дээ. Монголчууд бид угаасаа өрнөөс айдаг учраас зээл авах хэрэгцээгүй, хувьцаа гаргах шаардлагагүй. Хүү, торгуулиас айх бүүр шаардлагагүйгүйгээр “Таван толгойн”-хоо талыг зарчихаад мөнгөтэй болоод үйлдвэржилтийн хувьсгалаа жинхэнэ утгаар нь хийцгээе.
Оюутолгойгоос (цаг дээрээ охиноо өгөөд явуулах уу) сургамж авч “Таван толгой”-гоо үр хойчдоо үлдээнэ гэдэг хүмүүст 3,5 тэрбумын нөөц нь үлдэнэ. Тэгээд дээр нь өндөр технолги,үйлдвэр үлдээх бүрэн бололцоо байгаа юм. Стартегийн 35 ордоо биш ганц ордынхаа талыг зараад хэрэгцээнийхээ мөнгийг олох бололцоо байна. Үүнд амин хувиа биш, ард түмнээ гэсэн улс төрийн эр зориг хэрэгтэй. Газрын доорх баялагаа зарчихдаг, ухаад ав гэдэг арга эртнээс нааш байсан юм билээ. Гадныхан Эрдэнэтийн зэсийг авахын тулд жилийн өмнө урьдчилгаа төлбөр, улс төрчид авлига өгсөн баримт байдаг шүү дээ. Үүнтэй нэг их ялгаагүй наймаа шүү дээ.
Урд хөрш долларын илүүдэлтэй болчихоод яаж “далд оруулахаа” мэдэхээ байчихсан. Ерөнхийдөө бол бидний дуртай ам.долларыг шахаад юаниа олон улсын тавцанд гаргах сонирхолтойдог шүү. Сая л гэхэд дайн байлдаантай Пакистан улсад 45 тэрбумын зээл олгосон нь сайн төсөлд гар татахгүйн тод жишээ. Гэхдээ бид зээл биш, наймаа ярина. Тэгэхээр урд хөрш бусдаасаа өрсөх, урьтах бодлого барих болов уу. Монголын нүүрс дэлхийн зах зээл дээр өөрийн нэрээр гарч байгаагүй. Бугатын брэнд гэсэн нэрээр Тянжины боомт хүрдэг. Муугаар бодоход хятадууд нүүрсний ченжээ хийхийн тулд “Таван толгой”-н талыг худалдаад авчих болов уу.
“Таван толгой”-н талыг хятадууд арван жил зөөнө үү, угаана уу, болино уу, машинаар уу, галт тэргээр үү нь ч бидэнд хамаагүй. Хилийн наана үүдэнд зогсоож байгаад нэг замаар зөөлгөхөд л болоод явчихна. Гэхдээ бидэнд коксжсон нүүрс хэрэгтэй юу гэвэл ган хайлуулах үйлдвэртэй болсны дараа. Тэр үед Хөшөөт, Хөөт, Могойн гол, Гашуунсухайт байж л байна. Монгол Улс 175 тэрбум тонн нүүрстэй. Үүнээс гурван тэрбумыг нь бэлэн мөнгө болгоод үйлдвэр байгуулья гэлээ, болохгүй юу.
Т.Эрдэнэ
Эх сурвалж: Zaluu.com