Улсын Их Хурлын гишүүдийн цахимаар холбогдож сонгогдсон тойргийнхоо иргэд сонгогчид, орон нутгийн удирдлагуудтай ярилцдаг уламжлалт “Цахим ярилцлага” өнөөдөр /2015.05.14/ Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д боллоо.
Энэ удаагийн цахим ярилцлагад Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь оролцож Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, ажилчидтай холбогдон тус төвийн багш нарыг ӨМӨЗО-ны Бугат хотод туршлага судлуулах ажлыг зохион байгуулах тухай асуудлаар ярилцан мэдээлэл хийв.
Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлагаас багш, ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор хил залгаа ӨМӨЗО-ны боловсролын салбарын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах хүсэлт тавьсны дагуу Ж.Батсуурь гишүүн ӨМӨЗО-ны Бугат хотын холбогдох албаны хүмүүстэй ярилцаж шийдвэрлэсэн тул ийнхүү шуурхай холбогдож туршлага судлах аялалын талаар ярилцсан юм.
Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн зохион байгуулдаг өнөөдрийн цахим ярилцлагад Дорноговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, ажилчид болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.