Малч монголчууд таван хошуу малынхаа ааш араншинг андахгүй сайн мэддэг ард түмэн. Төллөх дөхсөн хээлтэй ингэ ботголох болонгуут гэнэтхэн сүргээсээ салж ганцаараа явахыг малч монголчууд “ингэ шилрэх” гэж нэрлэдэг. Гэтэл хүмүүс дунд ийм үзэгдэл бас байдаг бололтой.
Ингэхдээ “төрөх” гэж биш, ажил албаа огоорон архи дарс хөөцөлдөж “шилэрдэг” гэнэ. Тэр дундаа төр засгийн өндөр албан тушаалтнууд дунд ийн үе үе шилэрдэг хүмүүс байдаг нь хачирхалтай. Өмнө нь нийслэлийн нэгэн агентлагийн дарга байсан, өдгөө нэг дүүргийн ИТХ-ын дарга нэгэн эрхэм үе үе ажил албаа орхиж “шилрээд” түүнийг олох гэж нийслэлээр нэг үйл явдал болдог байсан тухай эх сурвалжууд хэлэх юм билээ.
Тэгвэл одоо цагт ийм нэгэн “шилэрдэг” хүний тухай мэдээлийг та бүхэндээ хүргэх боллоо.
Энэ хүн бол МАХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба ажээ. Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар Г.Шийлэгдамба сайд хэзээнээс 7-21 хоног “шилэрдэг” хуучны муу зуршилтай гэнэ. Нэгэнт “шилэрсэн” л бол ард нь үлдэх ажил үйлс “будаа” болох нь хэн бүхэнд ойлгомжтой.
Тэрбээр сайдын албан тушаалд суусан хойноо ч энэ зуршлаа үргэлжлүүлсээр, өдгөө 2 дахь удаагаа ээлжит “шилрээгээ” хийсэн ажээ. Эрүүл мэндийн яамныхан сайдыгаа олж Засгийн газрын хуралдаанд суулгах гээд яамаараа “хайгаад” ч тусыг эс олох тохиолдол гарчээ. Хэд хоног “шилэрсэн” сайд гэнэтхэн гарч ирээд эмч домч, тариа тарилга болоод эргэж ажилдаа “сэмбийчихсэн” ирээд юу ч болоогүй мэт ажиллах нь хачирхалтай.
Аргаа барсан Эрүүл мэндийн яамныхан, сайд маань дахиж битгий л “шилрээсэй” гэж бурханд залбирах шахдаг гэсэн шүү.
Монголын эрүүл мэндийн салбарыг ийм “шилрээ” сайд удирдаж байхад энэ салбарын хөгжлийн тухайд ярих ч хэрэггүй биз ээ. Энэ салбарт “шилэрдэг” биш шийддэг сайд хамгаас хэрэгтэй байгаа юмсан.
А.Гал