“Оюу толгой” төслийн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан талаар олон улсад ийн мэдээлж байна

482882e8e045445015a84f5b52058e37“Оюутолгой”-н өргөтгөлийн ажлыг эхлүүлэх чухал хэлэлцээрийг Монгол Улсын Ерөнхий сайд амжилттай байгууллаа

ЛОНДОН. /bne.eu/. Доройтсон эдийн засгийг нь сэргээх хөшүүрэг болох уул уурхайн салбараа ашиглах амлалтаа биелүүлэхэд туслах зэс, алтны томоохон орд “Оюутолгой”-н өргөтгөлийн ажлыг эхлүүлэх чухал хэлэлцээрийг Монгол Улсын Ерөнхий сайд амжилттай байгууллаа. Гэхдээ уг хэлэлцээр энэ жилдээ үр өгөөжөө өгөхгүй байж магадгүй.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн энэ оны хоёрдугаар сард явуулсан мессэж санал асуулгаар уул уурхайн томоохон ордуудын төслүүдээ урагшлуулахыг монголчууд дэмжсэн юм.

Бараг хоёр жил маргалдсаны эцэст “Оюутолгой” ордыг өргөтгөх хэлэлцээрт Монголын албаны хүмүүс болон дэлхийн уул уурхайн томоохон групп “Рио Тинто”-гийн төлөөлөгчид тавдугаар сарын 18-нд гарын үсэг зурсан.

Энэ хэлэлцээр 30 гаруй жил ашиглах  нөөцтэй “Оюутолгой” ордын гүний уурхайн ажлыг эхлэхэд хоёр талын аль аль нь бэлэн байгаагийн илрэл юм.

“Энэ гэрээ Монголын сул байгаа зээлжих зэрэглэлийг сайжруулна”

“Fitch Ratings” агентлагийн шинжээч Андрей Феннелийн хэлснээр, уг хэлэлцээр Монголын эдийн засгийг тогтвортой байдлын замд нь оруулна. “Энэ гэрээ Монголын сул байгаа зээлжих зэрэглэлийг сайжруулж, эрс багассан гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээс гадна дахин санхүүжүүлэх эрсдэлүүдийг багасгана гэж бид найдаж байна” гэж тэрбээр хэллээ.

“Оюутолгой” маш их хэрэгцээтэй байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, Монголын уул уурхайн салбар дахь боломжуудыг хөрөнгө оруулагчид эргэн харахад түлхэц болно гэж “Fitch Ratings” мэдэгдэж байсан юм.

Гэхдээ агшин зуурт ямар нэгэн үр нөлөө гарахгүй. “Оюутолгой” Монголын зөвлөлөөр батлуулахаар 5.4 тэрбум долларын өртөг бүхий гүний уурхайн техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг гаргаж өгөх ёстой. Азийн хөгжлийн банкны мэдэгдсэнээр, Монголын эдийн засаг энэ онд ердөө 3-хан хувиар өсөх хандлагатай байгаа бөгөөд “Оюутолгой” үүнийг төдийлөн өөрчилж чадахгүй. Гэхдээ тус ордын талаарх зөвшилцөл 2016 онд Монголын эдийн засгийг тав хүртэл хувиар өсгөж магадгүй.

Хөгжингүй улсуудын хувьд ДНБ таван хувиар өсөхийг өндөр өсөлтөд тооцдог бол Монгол шиг 12 тэрбум доллараар эдийн засаг нь хэмжигддэг харьцангуй жижиг улсын хувьд ийм хувиар өсөх нь олдсон боломжуудыг алдсан гэсэн үг.

“Монгол Улсын Ерөнхий сайдын том амжилт”

Энэ хэлэлцээр эдийн засагт тийм ч хурдан ашиг тусаа өгөхгүй байж магадгүй ч харьцангуй шинэ Ерөнхий сайдын хувьд томоохон амжилт юм. Эдийн засгийн доройтлыг зогсоох хангалттай, үр дүнтэй арга хэмжээ аваагүй гэж парламент нь санал хураалтаар огцруулсан Н.Алтанхуягийн халааг Ч.Сайханбилэг авсан.

Уг хэлэлцээр нь мөн уул уурхайн бусад төслийг урагшлуулахад тодорхой хэмжээний түлхэц үзүүлж магадгүй.

2016 оны парламентын сонгууль хүртэл олон нийтийн анхаарлыг татахын тулд Монголын хууль тогтоогчид энэ намар дахин тэмцэлдэж эхлэх магадлалтай байна.

“Тавантолгой”-н коксжих нүүрсний төсөл бол дараагийн чухал төсөл. Төрийн өмчийн уул уурхайн компани тус коксжих нүүрсний ордод хайгуул, олборлолт явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа юм. Монгол Улсын парламентын дарга З.Энхболд хэдийгээр Ч.Сайханбилэгтэй нэг нам ч “Тавантолгой”-н талаарх Засгийн газрын гаргасан төлөвлөгөө Монголын хуулийг шууд зөрчиж байна гэсэн билээ. Санал болгосон гэрээний төслийг дахин нягтлахыг тэрбээр парламентаасаа мөн шаардсан.

“Оюутолгой” болон уул уурхайн бусад төсөл хэрэгжиж эхэлсэн ч энэ онд эдийн засгийг эргэж хэвэнд нь оруулна гэдэг хэтэрхий оройтсон байж магадгүй гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …