Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНЭУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөн тэрээр өнөөдөр эх орондоо ирлээ. Чингис хаан олон улсын нисэх буудалд болсон хэвлэлийн бага хурлын эхэнд Ерөнхий сайд “Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн айлчлалаас аяны богц дүүрэн ирлээ. Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд Дубай хотноо гарын үсэг зурлаа. Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон хотод хэлэлцээрүүд үргэлжилж Дубайд дууссан. Дэлхийн санхүү, эдийн засгийн том төв Дубайд Оюутолгойн төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь олон улсад хурдтай цацагдлаа” гэж хэллээ.
Манай улсын мэдээллийн зарим хэрэгслээр Ерөнхий сайд гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдээлсэн нь ташаа мэдээлэл байсан. Ерөнхий сайд ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй. Харин Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд “Эрдэнэс Оюу толгой,” “Төркиз Хилл Резорсиз,” “Рио Тинто,” “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурсан. Өнөөдрөөс эхлээд Оюутолгой Засгийн газрынх биш, улстөрийнх биш эдийн засаг, компани хоорондын асуудал болсон. Тиймээс улстөрчид энэ асуудалтай хутгалдахгүй байхыг хүсье. Эрдэнэтийн үйлдвэрийн адил энэ том төсөл үргэлжлэх ёстой гэж Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх болсонтой холбоотойгоор тэрээр зарим зүйлийг тодотголоо.
2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцээрийн үеэр аль ч тал санал тавиагүй. Гагцхүү далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Төслийн удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсныг далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь байлгахаар харилцан тохиролцож чадсан.
Мөн Оюутолгойн уурхайн бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо. Далд уурхайн төлөвлөгөөнд Монголын тал төслийн өгөөжийн 54,9 хувийг авна гэсэн зарчмыг тусгаж чадсан нь манай талд ашигтай хувилбар болсноос гадна энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв маргаан гарах шаардлагагүй болсон. Гарын үсэг зурсан энэ төлөвлөгөөг Засгийн газрын www.zasag.mn сайтад тавьж олон нийтэд хүргэнэ гэж Ерөнхий сайд хэллээ.
Энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурнаар Монгол Улсын Засгийн газрын бондын хувь хэмжээ, хүү, өөрийн үнэлгээ, Хөгжлийн банк болон Худалдаа хөгжлийн банкны бондын хүү зэрэг эдийн засгийн үнэлгээ өсч байна. Сүүлийн хоёр жил гацсан, хорин сар царцсан энэ төсөл хөдлөлөө. Засгийн газар ийм бодит үр дүнгийн төлөө ажиллаж байна. Энэ бол Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцэх үр дүн гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хэлж байна. Тиймээс аль нэгэн хувь улстөрчийн оноо цуглуулах ажлыг иргэд, улс орныхоо хувь заяаг шийдэхээс дээгүүрт тавьдгийг зогсоох цаг ирлээ. Оюутолгойн асуудлаа шийдлээ, дараагийн ээлжинд Засгийн газар УИХ-тайгаа хамтраад Тавантолгойн төслөө хөдөлгөхийн төлөө ажиллах болно гэж мэдэгдлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэвлэлийн хурлын үеэр АНЭУ-д хийсэн айлчлалынхаа талаар мөн товч мэдээлэл өглөө.
Тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай уулзаж хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар ярилцжээ. Энэ уулзалтад салбар хариуцсан сайд нар нь оролцсон байна.
Давхар татвар, хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээ байгуулах, Улаанбаатар-Дубай чиглэлд шууд нислэг үйлдэх зэрэг гэрээ хэлэлцээрүүдийг хоёр тал амжилттай хийж чадвал хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ Эмиратын тал илэрхийлжээ. Хоёр улс Элчин сайдын яам байгуулах асуудлаар ойрын үед шийдвэр гаргахаар тохиролцсон байна.
Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайдтай хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын цагдаагийн бие бүрэлдэхүүн, албан хаагчдаас дотоодыг хамгаалах чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар ярилцсан. Ерөнхийлөгчийн хүү, Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Хөрөнгө оруулалтын зөвлөлийн гишүүн Султан Бин Халифа Бин Заед Ал Нахянтай уулзжээ. Дубай болон Абу Дабигийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын томоохон төлөөлөгчид Монголд ирэхээр болжээ.
БНЭУ-ын Ерөнхий сайд манай улсад айлчлах үеэр Монголд нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж хөрөнгө оруулалтын том төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. “Оюу Толгойн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурснаар зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголын эдийн засагт орж ирэх боломж бүрдлээ. Мөн Абу Даби хотноо тус улсын СIB санхүүгийн групптэй харилцан ойлголцлын санамж бичигт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт нар гарын үсэг зурсан. Ингэснээр бүтээн байгуулалтын том төслүүдийг санхүүжүүлэх нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санг Монголд байгуулах боломжтой болж байна. Бид нэгдэж, хүчээ хавсран ажиллаж чадвал боломж их байна гэдгийг энэ өдрүүдэд болсон сайн мэдээнүүд нотолж байна. Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэй хамтраад шинээр хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн шинэ боломж бий болгохын төлөө идэвхитэй ажиллах болно гэж Ерөнхий сайд хэллээ. Тэрээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ