УИХ-ын дарга З.Энхболд хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүллээ

JAV_26-1Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан нийт хүүхэд багачууддаа баярын мэнд дэвшүүлье.

      Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан түүхтэй. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа 2.2 тэрбум гаруй хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн төлөө хүн бүхэн “За” гэж хэлэхийн тулд энэхүү өдрийг манай улс 1952 оноос эхлэн тэмдэглэж ирсэн уламжлалтай.

     Энэ жил Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсны 25 жилийн ой, Монголд хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тус тус тохиож байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсын төр, засгаас хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, боловсрол эзэмшүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлж, хүүхэд бүр нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүүхдийн эрх тэгш байдлыг хангахын төлөө ажиллаж ирлээ.

        Монгол Улсын Их Хурал 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталж байсан бол өнөөдөр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд Улсын Их Хуралд өргөн баригдсан “Хүүхдийн эрхийн тухай” болон “Хүүхэд хамгааллын тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна.

     Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн орчин эрчимтэй өөрчлөгдөж байгаа  нь цаашид нийгмийн бүх суурь тусламж, үйлчилгээг хүүхэд бүрт чанартай, хүртээмжтэй хүргэх, хүүхэд багачуудын үндсэн эрхийг хүндэтгэж, бүх хүрээнд бүрэн дүүрэн хангахын төлөө бодлоготой, эрч хүчтэй ажиллахыг шаардаж байна.

      Энэхүү баярын өдрийг тохиолдуулан Монгол орны дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, хүүхэд бүр элэг бүтэн, энх тунх, аз жаргалтай амьдарч, эрдэм боловсролтой сайн хүн болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

              МОНГОЛ УЛСЫН ИХ

              ХУРЛЫН ДАРГА                                      ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

                                                                                                             2015.06.01

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …